Өнөөдрөөс 116 мянган айлын шөнийн цахилгаан үнэгүй боллоо

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Цахилгааны тарифийг тэглэсэн шийдвэр ирэх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.