Ходоодны дайсан хеликобактерийг дэмжигч хүнс

Хеликобактерийг бид ерөнхийд нь ходоод үрэвсүүлж, улмаар ходоодны олон төрлийн өвчний суурь болдог гэдгийг мэднэ. Олон нийтийн аяга таваг, сэрээ халбаганаас эхлээд олон хүн хуваан хэрэглэдэг зүйлүүдээс эл бактерийг авах эрсдэлтэй. Хеликобактерийг идэвхжүүлэх хүнснүүдийг танилцуулахын хамт уг бактери ямар хор хөнөөлтэй талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Хеликобактеритай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Ходоод өвдөх

Байнга хэхрүүлэх

Гэдэс дүүрэх

Гулгих

Цээж гашуу оргих

Амнаас тогтмол эвгүй үнэр ялгарах

Юм идсэн ч өлссөөр байх

 Эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь өдөр бүр илэрдэг бол даруйхан мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. 

Ходоодыг тэсэхийн аргагүйгээр өвтгөж, арьсыг үрэвсүүлж, яр шарханд баригдуулах хеликобактерийн үржлийг идэвхжүүлэх хүнснүүдийг танилцуулъя. Эдгээр хоол хүнснүүд нь тэдэнд амьдрах таатай орчныг бүрдүүлж, зарим нь бактерийн үржилд сайнаар нөлөөлдөг. 

Алкоголь, кофе

Хэрвээ хеликобактеритай гэдэг нь оношлогдож, тодорхой болсон бол хүнснээсээ кофе, алкоголийн төрлийн ундыг шууд хасаарай. Эдгээр нь ходоодны салсыг үрэвсүүлдэг юм.

Өөх тос ихтэй хүнс

Өөх ихтэй мах, тос ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалз. Сүү уухаар бол 1 хувийн тослогтойг л эрхэмлээрэй. Эдгээр хүнс нь ходоодны ханын үрэвслийг нэмэгдүүлж, хеликобактерид амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Халуун ногоотой хоол

Чили, хар улаан перец, гич, синнамон зэрэгтэй хоол хүнс нь ходоодны салсыг цочроож, хеликобактерийн үржлийг дэмждэг.

Шарсан, нөөшилсөн хүнс

Шарсан төмс, шарсан тахиа, донат, лаазтай загас, жигнэмэг зэргээс аль болох хол байх хэрэгтэй. Үнэхээр хоолоо болгохоос аргагүйд хүрвэл шарах шүүгээнд жигнэх юм уу, чанах аргыг ашиглаж болно. 

Чихэрлэг хүнс

Хеликобактерийн хамгийн дуртай хүнс бол чихэр. Яагаад гэвэл, энэ нь тэдэнд хүссэнээрээ өсч олшрох боломжийг олгодог. Тиймээс хүнсэн дэх чихрийн агууламжаа багасгавал ходоодон дахь хеликобактерийнхаа хэмжээг ч багасгаж чадна. Ялангуяа сайтар боловсруулсан рулет, хатуу чихэр, үрэл, шоколад гэх мэт нь дан сахараас ч илүү муу нөлөөтэй.

Хүчиллэг хүнс

Хүчил нь хеликобактерийг үржихэд шууд утгаараа нөлөөлөхгүй боловч түүний үзүүлэх шинж тэмдгийг улам хурцатгадаг. Хүчиллэг хүнсэнд газтай ундаа, цитрусын гаралтай жимс, улаан лооль зэрэг багтана.

Тос, цуу

Оливын тосноос бусад бүх төрлийн тос хеликобактерийн оршилд эерэг нөлөөтэй. Цуугаа алимны цуун хүчлээр сольж, даршилсан өргөст хэмх зэрэг цууны агууламжтай бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.

Цавуулаг хүнс

Улаан буудайн үрэнд агуулагддаг уургийн нэг төрөл болох цавуулаг нь гурилан бүтээгдэхүүний хамгийн сул тал гэж хэлж болно. Ходоодны хананд наалддаг пицца, цагаан талх, паста гэх мэт цавуулаг ихтэй хүнс нь нарийн гэдсийг үрэвсүүлж, хеликобактерийг дэмждэг. Цагаан гурил л идэхээ болиход том өөрчлөлт мэдэгдэх болно.

Хеликобактерийн ХОР УРШИГ

Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. 

Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг.Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70 хувь нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ IIбайранд ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. 

Ходоодны хортой хавдрын 70-90 хувь нь хеликобактери пилоритой хавсарсан байдаг. Тиймээс гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга юм.