Шатсан Шүри цайзыг сэргээх санхүүжилтийг босгожээ

Японы баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог дэлхийн өв Шүри цайз өнгөрсөн аравдугаар сарын 30-нд галд өртөн шатсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл уг цайзыг сэргээхэд гурван өдрийн дотор 900 мянга гаруй ам.долларын санхүүжилт босгожээ.

Наха хотын удирдлагууд уг цайзыг гал түймэрт сүйдсэнээс нэг хоногийн дараа өнгөрсөн баасан гарагт нийтийн санхжүүжилт босгох төслийг эхлүүлсэн бөгөөд ням гарагийн оройны 18 цаг гэхэд төлөвлөсөн санхүүжилт болох 100 сая иен буюу 923 мянга орчим ам.доллар цугласан байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн эртний цайзыг сэргээн босгох ажилд зориулан 6000 гаруй хүн хандив өргөсөн бөгөөд мэргэжилтнүүдийн тооцоолж байснаас богино хугацаанд дээрх мөнгө хуримтлагджээ.

Окинава мужийн захирагч Дэнни Тамакигийн мэдэгдсэнээр, Шүри цайзыг Окинава муж Японы засаг захиргаанд нэгдсэний 50 жилийн ой тохиох 2022 он гэхэд сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулахаар зорьж байгаа аж. 

Шүри цайз нь Рюкко улсын үед хааны ордон байсан бөгөөд өргөөшөө 270 метр, уртаашаа 400 метр  цайзын нийт талбай нь 46,167 квадрат метр аж.  Шүри цайзыг барьсан он тодорхойгүй ч, Санзан эрин буюу 1322-1429 оны хооронд баригдсан гэж үздэг.  Худалдааны болоод соёлын том төв болсон энэ цайз хэдэнтээ шатаж, мөн сэргээн засварлагдаж байжээ. 

Хамгийн сүүлд гэхэд, 1944 онд АНУ-ын нисэх хүчин цайзыг бөмбөгдөж байсан бөгөөд цайзыг бүрэн сэргээн засварлаад ердөө хагас зуун жилийг үдээд байхад ийнхүү шатжээ.