Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж үзлээ

Баянгол, Баянзүрх дүүргийн засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн удирдлагын түвшинд ярьж эхэлжээ.  Ийнхүү хороодыг хуваан өөрчлөх болсон үндэслэлээ Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай байгаа гэдгээр тайлбарлаж буй аж.

Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ирсэн юм байна. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд онцолж байна. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд өнөөдөр хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.