Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгджээ

УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн чуулганаар БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулах тогтолыг баталсан юм. Энэ дагуу Шанхай хотод суух Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлт өчигдөр болжээ. Шанхай хотод Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон БНХАУ-ын Гуандүн, Фүжянь, Жэжян, Аньхуй, Жянсү зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх, Монгол Улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих Хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсыг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхай хотын банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, Монголын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм байна.