Монгол Улсын хүн ам 2030 онд дөрвөн саяд хүрэх төлөвтэй байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар хэлэлцсэн байна. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын хүн ам Статистикийн үндэсний хорооны мэдээлснээр 3.238.479 байна. Монгол Улс анх 1918 онд хүн амаа тоолсон. Тэр тооллогоор 647.500 хүн амтай байв. Түүний дараагаар 1962 онд сая дахь иргэнээ хүлээж авсан. Дараа нь 26 жилийн дараа буюу 1988 онд хоёр сая дахь иргэнээ, 27 жилийн дараа буюу 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Жилд дунджаар Монгол Улс 80 орчим мянган хүүхэд өлгийдөн авдаг. Хэдийгээр төрөлт тогтвортой өсөж байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсөж, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм байна. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж хуралдаанаар үзжээ.

Тэр утгаараа энэ Засгийн газар ирэх оны төсөвт нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгө оруулалт, өөрчлөлтүүдийг олонтаа оруулсаныг төсвийн төслөөс бэлхнээ харж болно. Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх гэнэ.  Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлэх зорилт тавьсан. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь ч эрх баригч намын мөрийн хөтөлбөрт туссан. Түүнчлэн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна.