Тайланд бүсгүй Дэлхийн мисс боллоо

Японы нийслэл Токио хотноо “Miss International” олон улсын гоо бүсгүйн тэмцээн өндөрлөж, Тайландын оролцогч Бинт Сайрисорн түрүүллээ.

1960 оноос эхэлсэн энэ тэмцээн олон жилийн түүхтэй. Анх Калифорнид явагдаж байгаад 1972 оноос Японд шилжсэн юм.

“Miss International” тэмцээн бусад гоо бүсгүйн тэмцээнээс ялгаатай нь гадаад төрхөөс гадна оролцогчдын зан суртахууныг илүүд үздэг. Уралдаанд түрүүлсэн бүсгүй дайн дажны эсрэг тэмцдэг, бусад шашин шүтлэгийг хүндэтгэн үздэг байх ёстой. Финалд шалгарсан найман бүсгүй даян дэлхийд энх тайван байдал тогтоохын тулд юу хийх ёстой талаар илтгэл тавих даалгавартай байв.