МЭДЭЭ НЭМЭХ  

Монгол залуучууд гадаадад тэтгэлгээр суралцах боломжууд

  • 8,211 уншсан
  • 13
  • 2014/05/02

Манай үеийн залуус ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг хэдий ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй. Гэхдээ тэрийг шийдэх арга бол өөрийн жоохон овсгоо самбаа, дээрээс нь тэр талаарх жоохон мэдлэг байхад чи хэзээ нэгэн цагт хаа нэг газар сурах боломжтой цаагуур чинь нэг байна. Би өөрөө ч ялгаагүй гадаадад тэтгэлгээр суралцах гэж 15 настай байхаасаа судалж эхэлсэн учраас тэр цагаас хойш хуримтлуулж олсон мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанарын боловсрол эзэмшихийн тулд ямар нэгэн "гадаадад сургана" гэсэн компанид найдаж, байдаг нэгээрээ хулхидуулж, ээж ааваасаа сургалтын төлбөр шаналгаж насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж, өөрөө зээл авч дийлж давахгүй өрөнд орж байснаар өөрийн чадлаараа олгогдсон нөхцөл боломжийг ашиглаад боловсролоо ахиулах боломж зөндөө байна. Монголд төрснийгөө зарим хүмүүс голдог. Гэтэл энэ чинь эргээд өөрөө боломж. Монгол улс хөгжиж буй орнуудын учраас хөгжсөн орнуудаас Монголд олгож байгаа дэмжлэг туслалцаа тоо томшгүй. Тэр боломжийг ашиглах хэрэгтэй. Тэтгэлэг ганцхан Фүлбрайтаар дуусахгүй. Хэрэв чи тэнцээгүй бол ирэх жил дахиад өг. Дахиад тэнцэхгүй бол өөр сонголт зөндөө байна.

Энэ сэдвээр бичих болсон шалтгаан нь надаас нилээн олон хүмүүс гадагш яаж явж сурах вэ энээ тэрээ гээд байнга асуух болсон. Би ч бүх хариултыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ аль болох олон хүнд туслахыг хүсч байгаа учраас цаг заваа гарган мэддэг хэдээ сийрүүлэв.

Би чиний төлөө цаг гаргаж орчуулсан юм чинь чи өөрийнхөө төлөө цаг гаргаад уншаад үзээрэй. 

Пийс!
 
  АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ
Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.
 
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-
 
Англи хэлтэй хүнд эдгээр мэдээлэл хангалттай ойлгомжтой тул би энд эдгээрийн талаар дэлгэрүүлж бичсэнгүй.
Харин би олонх оюутан залуусын сонирхдог Фүлбрайт Гадаад Оюутны Хөтөлбөр буюу мастерын тэтгэлгийн талаар өөрийн туршлагаас хуваалцахаар доорх мэдээллийг сийрүүлэв.
 
 
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд тавигдах үндсэн шаардлага нь:
  • Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх;
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх ёстой. 
  • Cонгон шалгаруулалтыг хийхдээ аль болох өмнө нь АНУ-д суралцаж, амьдарч байгаагүй хүмүүсийг түлхүү дэмждэг хэдий ч өмнө нь АНУ-д байсан бол тэнцэхгүй гэсэн үг биш.
Энэ тэтгэлэгт хамрагдсанаар суралцаж болох мэргэжлийг дээрх холбоос дээр жагсаасан байгаа бөгөөд миний ойлголтоор ихэнх мэргэжил үүнд хамрагдсан байгаа. Өмнө нь болохоор бизнес, санхүүгээр суралцахыг хязгаарласан байсан боловч саяхнаас энэхүү жагсаалтыг улам өргөжүүлснийг анзаарав. Тэгэхээр оюутан залууст сонголт улам нээлттэй болж байна гэсэн үг.
 
Намайг 15-тай байхад энэ шалгуур нилээн чанга байсан бөгөөд заавал 2-3 жил ажилласан ажлын туршлагатай байх ёстой гэдэг байсан нь харин сүүлийн үед байхаа больсон байна билээ.
 
Тэтгэлэгт хамрагдах анкет болон холбогдох материалыг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийтийн Харилцааны хэлтэс хариуцан эрхэлдэг. Энэхүү тэтгэлгийг жил бүрийн 3 сарын эхээр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг бөгөөд анкет авах эцсийн хугацааг тодорхой заасан байдаг. Манай Монголчууд юмыг цагийг нь тулгаж хийх дуртай юм болохоороо ихэвчлэн эцсийн мөчид хам хум өгдөг жишиг бий.
 
Тэтгэлэгт хандах анкет ерөөсөө товч бөгөөд тодорхой хоёр нүүр хуудас бий.
 
Өөрийн чинь талаар ерөнхий мэдээлэл, сурч төгссөн сургууль гэх мэт. Анкет бөглөхөд цаг нилээн шаарддаг хоёр зүйл гэвэл нэг нь эссе, нөгөөх нь өөрийг чинь мэргэжлийн эсвэл боловсролын түвшинд сайн мэдэх хоёр хүнээс өөрийг чинь тэтгэлэгт санал болгосон захиа буюуrecommendation letter. Үүнд нэг хэцүү нь эссе хоёрхон хуудас, нөгөө хэцүү нь манай монголчууд ийм захиа бичиж сураагүй бөгөөд “Чи өөрөө бичээд ир, би гарын үсэг зурчихъя” гэсэн байдлаар ханддаг. Сургуульд ч тэр, ажилд ороход ч тэр, сэтгэлээсээ цаг зав гаргаад намайг санал болгосон таван өгүүлбэр биччих сэтгэлтэй, чадалтай Монгол хүнтэй би цөөн таарсан. Тиймээс би аль болох гадны хамт ажиллаж байсан менежер эсвэл профессоруудаас гуйдаг.
      Эссе яагаад хэцүү вэ гэхээр чи өөрийн хүсэл зорилго, сурах гэж тэмүүлээд байгаа шалтгаан, их зүйл сураад буцаж эх орондоо ирээд тэрнийхээ хэргийг хэрхэн гаргах талаар хоёрхон нүүрэнд багтаах ёстой. Энэ зөвхөн энэ тэтгэлэгт хамааралтай ч биш. Дэлхийн ихэнх их дээд сургуулийн хамгийн том шалгуур үүнтэй адил таны үзэл бодол, ямар хүн бэ гэдгийг чинь хоёр нүүр эссегээс л дүгнэдэг. Тэгэхээр үүнд бодолтой хандах хэрэгтэй. Эссегээ бичихдээ хангалттай цаг зав, ухаан зарцуулах хэрэгтэй. Үүнийг бичихдээ чи сурсан зангаараа зүгээр нэг Гүүглэдээд хэн нэгнийг эссег дуурайгаад юмуу, хүний санаанаас будаа идвэл хол явахгүй. Энэ эссе зөвхөн чиний байгаа нөхцөл байдалд нийцсэн, чиний амьдралдаа үзэж харж туулсан, ирээдүйд чиний хэн болохыг тодорхой хэмжээнд тодорхойлсон байх учир чи үүнд хайнга хандвал түүнийг уншиж байгаа хүмүүс чамайг түүгээр чинь хүлээж авна. Товчхон хэлэхэд чи өөрийнхөө түүхийг бичих ёстой.
За ингээд материалаа бүрдүүлээд элчин дээр өөрийн биеэр аваачаад өглөө. Дараагийн шат нь чи имейл хүлээх. Чи тэнцсэн тэнцээгүй гэсэн хоёр хариуны аль нэгийг л авна. Тэнцээгүй бол ойлгомжтой, гэхдээ ядаж л чи яасан бол гэж санаа зовж хүлээхгүй. Тэнцсэн бол чамайг дараагийн шат буюу аман ярилцлаганд урина.
Энэхүү ярилцлаганд анх материал өгсөн хүмүүсээс шүүгдээд тунаж үлдсэн хэсэг хүмүүс чиний өрсөлдөгч болно. Ярилцлага ердөө 15 минут бөгөөд энэ богинохон хугацаанд чи өөрийгөө хэн бэ гэдгийг асуусан асуултанд хариулахдаа таниулж амжих ёстой. Мэдээж бүгд л сандарна. Би өөрөө уул нь хүн ажилд авдаг, хүмүүсээс байнга ярилцлага авдаг байсан тул бэлтгэлтэй байсан хэдий ч, ширээний нөгөө талд гарахаар бид бүгд л ялгаагүй сандарч тэвдэнэ. Гэхдээ бэлтгэлтэй орвол чи энэ 15 минутыг бүрэн дүүрэн ашиглах боломжтой. Миний өгөх ганц зөвлөгөө бол “өөрийнхөөрөө бай”. Аяндаа хэн гэдгийг чинь тэр хүмүүс танина. Чи өөдтэй хүн биш бол харин жоохон асуудалтай хэрэг л дээ.
 
Үүний дараа дахиад хүлээнэ дээ. Имейлээр нэгээс хоёр долоо хоногийн дотор хариу ирнэ. Ингээд чиний явах үгүй шийдэгдэнэ. Үүнээс цаашихыг би бас хамаагүй олон нийтэд мэдээллэж болох үгүй дээр эргэлзэж байгаа тул олон юм яриад яахав. Аяндаа тэнцсэн бол элчингээс заавар зааварчилгааг нь өгөөд аваад явчихна.
 
Энэ тэтгэлгээр жилдээ 5-6 хүн шалгарч АНУ-д мастерын зэрэгт суралцахаар явдаг.
 
Фүлбрайт тэтгэлэг нь өөрөө дотроо хоёр төрлийнх бий. Миний дээр дурьдсан нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг нь. Өөр нэг хувилбар нь Монголын засгийн газраас санхүүжүүлдэг Фүлбрайтын тэтгэлэг. Яагаад Монголын засгийн газар өөрсдөө нэг нэр өгөөд АНУ-д сургах тэтгэлэг гээгүй вэ гэхээр нэг талаар ийм хэлбэрээр явуулж АНУ-ын ЭСЯ хариуцуулсан нь манай монголд нэн элбэг арын хаалга, хамаатан саднаа чихэх, ногоон гэрлээр оруулах асуудлыг шийдчихэж байгаа юм. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн даргын хүүхэд чиний байранд явах, хэн нэгнээр гуйлгаж тэнцэх гэсэн асуудал байхгүй. 
 
Монголын ЗГ-ийн Фүлбрайтын шалгаруулах нөхцөл нь ерөнхийдөө АНУ-ынхтай адилхан. Нэг хэцүү нь суралцах мэргэжлийг тодорхой заасан байдаг. Үүнд: боловсрол, инженер, эрүүл ахуй, дэд бүтцийн инженер, мэдээлэл технологи, шинжлэх ухаан технологи, олон нийтийн бодлого гэсэн цөөн хэдэн мэргэжил бий. Мэдээж чи эдгээрийн аль нэгээр мэргэшсэн бол ЛАКИ ЮҮ!
 
Энэ тэтгэлгийг АНУ-ын тэтгэлгийн шалгаруулалт явагдаж дууссаны дараа зарлаж, шалгаруулалт явуулж эхэлдэг бөгөөд ихэнхдээ жил бүрийн 6 сарын сүүлээр зарлагдаж 8 сард тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд оруулна. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolia.usembassy.gov/gom_fulbright2014.html
 
 
Дээрх хоёр тэтгэлгийн бас нэг ялгаа нь тэтгэлэг авсан оюутнуудад тавигдах шаардлага. АНУ-ын ЗГ-ын тэтгэлэг нь сургуулиа төгсөөд 2 жил Монголдоо ажиллах ёстой гэдэг бол, Монголын ЗГ-ын тэтгэлэг 5 жил гэж шаарддаг. Дээрээс нь Монголын ЗГ-ын тэтгэлэг нь одоогийн байдлаар хуучин систем буюу төрийн сангийн зээлээр оюутан сургахад хэрэглэдэг тэр арга барилыг ашиглаж байгаа учир явахдаа бүрдүүлэх материал, өөрийгөө эргэж ирэх баталгаа зэргийг гаргах нь нилээн төвөгтэй санагдсан. Би өөрөө АНУ-ын ЗГ-ынх болохоор тэр талаарх нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Худлаа яриад яахав. 
 
 
ИХ БРИТАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ
 
Шевенин тэтгэлэг нь Фүлбрайт тэтгэлэгтэй ерөнхийдөө адилхан. Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Гэхдээ миний анзаараад байгаагаар энэ тэтгэлэг харьцангуй өндөр шаардлага тавьж, нэг жилд цөөхөн хүмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана. Би 2011 оны элсэтэнд материалаа өгсөн боловч тэнцээгүй. Манай нилээн мундаг чадалтай найз өгөөд бас тэнцээгүй. Гэхдээ чи тэнцэхгүй гэсэн үг биш.
 
Британий Шевенин Тэтгэлэгт хамрагдсанаар:
  • Өндөр чанартай Британи боловсрол эзэмшинэ
  • Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломж
Дараах салбарын мэргэжлээр суралцах оюутнуудадыг түлхүү дэмжинэ:
  • Банк Санхүү
  • Цаг Уурын Өөрчлөлт
  • Инженер
  • Хүний Эрх
  • Олон Улсын Хууль
  • Олон Улсын Харилцаа
  • Сэтгүүлзүй, Медиа
  • Уул Уурхай
  • Олон Нийтийн Удирдлага
Сонгогдохын тулд дараах шаардлагадыг хангах ёстой:
  • Тэтгэлэгт хамрагдах үед Монгол улсын иргэн байж, сургуулиа төгссөний дараа Монголдоо эргэн ирэх
  • Баклаврын зэрэгтэй байх
  • Өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх
  • Удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах
  • Өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх
  • Англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа IELTS-ийн оноо 6.5 байх. Хуулийн зарим мэргэжил IELTS-ийн 7 оноотой байхыг шаардана.
  • Энэ тэтгэлгээр суралцаж Монголдоо буцаж ирснээр ямар хувь нэмэр оруулж болох талаар тодорхой санаа, чиг гаргаж чадах ёстой
  • Тэтгэлэгт хандах онлайн анкет өргөдлийг дараах холбоосоор орж өгнө: http://www.chevening.fco.gov.uk/CheveningApllications/CA_Start.aspx
Өшөө дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж сонирхож болно:
 
Тэтгэлгийн өргөдлийг жил бүрийн 12 сараас эхлэн авч, 2 сарын эхээр өгч дуусах эцсийн хугацаа байдаг. 
 
 
ДЭЛХИЙН БАНК БОЛОН ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГ
 
Дэлхийн Банк болон Японы засгийн газрын хамтарсан энэ тэтгэлэг (JJ/WBGSP) нь  хөгжиж буй орны чадварлаг оюутнуудыг дэмжиж эдийн засаг, нийгмийн хөгжилд ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах потенциалтай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдээр бүрдсэн олон улсын нийгэмлэг бүрдүүлэх зорилгоор анх санаачлагдан үүссэн. Энэ тэтгэлэг (JJ/WBGSP) бол шалгуур нилээн өндөр. Учир нь чи эхлээд суралцах сургуульдаа өөрөө бүх материалаа хөөцөлдөж өгөөд, түүндээ тэнцсэн байх ёстой. Тэгэхээр хамаг чухал ажлыг чи өөрөө хийнэ гэсэн үг. 
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагуудыг хангаж чадах ёстой:
  • Дэлхийн банкнаас зээл авч болох гишүүн орны иргэн байх
  • 1973 оны 3 сарын 31 өдрөөс хойш төрсөн байх
  • 2013 оны 3 сарын 31-ний байдлаар баклаврын зэргээ авсны дараа өөрийн эх орон эсвэл аль нэг хөгжиж буй оронд хамгийн багадаа 2 жил, цаашилбал 4-5 жил бүтэн цагаар мэргэжлийн түвшинд ажилласан байх
  • Баклаврын зэрэг эзэмшсэн байх
  • Эрүүл байх
  • Ааш араншин сайтай байх
  • Хөгжингүй орны иргэн эсвэл байнгын оршин суугч байж болохгүй
  • Хөгжингүй оронд нэг жилээс дээш хугацаанд амьдарч байгаа байж болохгүй
  • Дэлхийн Банк Группын салбар байгууллагуудын Гүйцэтгэх Захирал, түүний орон тооны ажилтан, зөвлөх, эсвэл дээр дурдсан хүмүүсийн аль нэгнийх нь хамаатан садан байж болохгүй 
Сургалтын хөтөлбөр:
 
·          Дээрх нөхцөлийг хангасан нэр дэвшигчид мастерын зэрэгт суралцахаар хөгжилтэй холбоотой аль нэг мэргэжлийн хөтөлбөрийг санал болгох ёстой. Үүнд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент, болон бусад хөгжилтэй холбоотой мэргэжлүүд багтана.
·         Санал болгосон хөтөлбөр нь тухайн оны хичээлийн жил эхэлж хамгийн ихдээ хоёр жил үргэлжлэх ёстой. JJ/WBGSP нь мастерын зэрэгт одоо суралцаж байгаа оюутнуудыг дэмжихгүй. Энэ хөтөлбөр нь MBA, MD, M.Phil, Ph.D зэргээр суралцах гэж буй оюутнуудын дэмжихгүй болно. Мөн энэ хөтөлбөр нь хууль эрх зүйн мэргэжлээр суралцах оюутнуудыг дэмжихгүй. Үүнд J.D, L.L.M, S.J.D зэрэг багтана. L.L.M. зэрэгт суралцах оюутнуудыг дэмжих онцгой тохиолдол нь хүний эрх, байгаль орчин, зөв засаглалаар LLM зэрэгт суралцах оюутнууд юм.
·      Хүсэлт гаргагч оюутнууд нь хамгийн багадаа хөгжилтэй холбоотой сургуулийн мастерийн хөтөлбөр болзолгүйгээр тэнцсэн байх ёстой. Нэр дэвшигч оюутнуудыг дараах сургуулиудад хүсэлт гаргахыг санал болгодог:
 
Сонгох шалгуур:
 
    Шаардсан нөхцлийг хангасан нэр дэвшигчдийг үндсэн гурван шалгуурын дагуу сонгоно. Үүнд сурлагын дүн, мэргэжлийн туршлага, суралцах гэж буй мэргэжлийн хөтөлбөрийн ач холбогдол. Мөн тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгохдоо төрийн байгууллагад ажиллаж байгаа, сургуулиа төгсөөд эх орондоо буцаж харин, хөгжилд нь хувь нэмэр оруулах потенциалтай хүмүүсийг илүүд авч үзнэ. JJ/WBGSP нь:
  • Газарзүйн хувьд олон орныг хамарч, ядуу буурай орны оюутнуудыг илүү дэмжинэ.
  • Өсөх ирээдүйтэй эмэгтэй оюутнуудыг дэмжинэ
  • Санхүүгийн боломж бололцоо муутай оюутнуудыг илүүд авч үзнэ
Тусгай нөхцөлүүд:
  • JJ/WBGSP тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургуулиа төгссөний дараа эх  орондоо бүр мөсөн буцаж, тэндээ суурьшин ажиллахыг хүлээн зөвшөөрөх ёстой. 
  • JJ/WBGSP тэтгэлэгт хамрагдах оюутнууд тус тэтгэлгийн ажил эрхлэлтийг хязгаарласан бодлогыг хүлээн зөвшөөрч сургуулиа төгссөнөөс гурван жилийн дотор Дэлхийн Банк Групп эсвэл Олон Улсын Валютын Санд ажиллах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Анкет:
 
     Анкет бөглөж өгөхийн зэрэгцээ дараах материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай:
  • Хоёр нүүрээс хэтрээгүй хувийн тодорхойлолт буюу CV
  • Санал болгосон их сургуулиудын хөгжилтэй холбоотой мастерын хөтөлбөрүүдэд тэнцсэн эсэхийг тодорхойлсон бичиг
  • 4 дүгээр нүүрэн дээр байгаа ажил эрхлэлтийн түүхэн дээр ажлын баталгаа, тодорхойлолт.
  • Мэргэжлийн болон боловсролын санал болгох захидал тус бүр хоёрыг
  • Өөрийн төгссөн бүх сургуулийн диплом ба түүнийг дагалдах дүнгийн баталгаат хуулбарууд
  • Анкетыг бүх дагалдах бичин баримтын хамт 2013 оны 3 дугаар сарын 31 гэхэд Тэтгэлгийг Хөтөлбөрийн Оффист хүлээн авсан байх ёстой.
 Эцсийн хариуг тус он бүрийн 7 дугаар сард мэдэгдэнэ.
 
 
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
 
Японы Засгийн Газар нь дангаараа дараах долоон төрлийн тэтгэлэг олгодог:
Судлаач оюутны, багшийн сургалтын оюутны, баклаврын зэрэгт суралцах оюутны, Япон судалын оюутны, технологийн коллежийн оюутны, тусгай сургалтын оюутны ба Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутны гэсэн 7 төрөл бий.  
 
Тэтгэлэг тус бүр дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:
 
1) Судлаач оюутан
Баклаврын зэрэгтэй, 35 наснаас доош байх ёстой. Эсвэл 16 жил сурсан байх ёстой.
 
2) Багшийн сургалтын оюутан
Баклаврын зэрэгтэй эсвэл багш бэлтгэх сургууль төгссөн, 35 наснаас доош байх ёстой. Өөрийн эх орондоо хамгийн багадаа таван жил, бага дунд сургууль эсвэл багшийн коллежид тасралтгүй багшилсан байх ёстой. Тэтгэлэгт хандах үед багшилж байгаа их сургууль, коллежийн багш нар үүнд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
 
3) Баклаврын зэрэгт суралцах оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
 
4) Япон судлалын оюутнууд
Тэтгэлэгт хандах үед 18-30 насны хооронд байх ёстой. Япон хэл, Япон судлалаар мэргэшсэн, Япон улсад байдаг баклаврын зэрэгт суралцаж буй оюутан байх бөгөөд Япон дахь сургалтаа дуусаад үргэлжлүүлэн тухайн сургуульдаа сурах ёстой.
 
5) Технологийн коллежийн оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 11 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
 
6) Тусгай сургалтын коллежийн оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, Японы ахлах сургуультай дүйцэх 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
 
7) Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутнууд
Өөрийн эх орондоо ирээдүйд удирдагч болох чадвартай, Ази болон бусад Залуу Удирдагч Хөтөлбөрийн гишүүн орнуудын аль нэгний иргэн, залуу төрийн албан хаагч байх ёстой. Баклаврын зэрэгтэй, төрийн алба, бусад байгууллагуудад 3-5 жил ажилласан байх ёстой. Энэ тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг санал болгож буй байгууллагуудын саналын дагуу авч үзнэ. (Энэ тэтгэлэг нь дотроо 5 төрлийн ангилалтай)
 
Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг хэрхэн сонгодог вэ?
Японы засгийн газар тэтгэлгүүд дараах гурван төрлийн аргаар тэтгэлэг олгох хүмүүсээ сонгон шалгаруулдаг
i)              Элчин сайдын яамны санал         - гадаадад байгаа хүмүүс
ii)             Их сургуулийн санал                      - гадаадад байгаа хүмүүс
iii)            Дотоод сонгон шалгаруулалт       - Японд байгаа хүмүүс
 
Бидэнд ихэвчлэн хамаардаг нь элчин сайдын яамны сонголт учраас түүний талаар доор дэлгэрүүлж хөрвүүлье:
     Ийм төрлийн тэтгэлгүүдийг тухайн улс дахь өөрөөр хэлбэл Монгол дахь Японы элчин сайдын яам сонгон шалгаруулалт явуулж, хүмүүсийг сонгодог. Улс улсын сонгон шалгаруулах цаг хугацаа, арга хэлбэр өөр учир Монгол дахь Японы элчин сайдын яамны цахим хуудас руу доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл байнга авч байх хэрэгтэй.
 
 
1) Судлаач оюутан, баклаврын оюутан, технологийн коллежийн оюутан, тусгай сургалтын оюутнуудыг 3-5 сарын хооронд шалгаруулдаг. Анхан шатны шалгаруулалт буюу материал хүлээн авах, бичгийн шалгалт өгөх, ярилцлаганд орох явцыг элчин сайдын яам 6-8 сарын хооронд зохион байгуулдаг. Үүний дараагаар сонгогдсон хүмүүсийн нэрсийг Японы ЭСЯ өөрийн Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухаан, Технологийн Яам руу санал болгон 9 сарын эхээр илгээдэг.
 
Тэтгэлэг тус бүрт бүрдүүлэх материал, тавигдах шаардлага өөр тул дараах холбоосоор орж үзээд дэлгэрэнгүйгээр сонирхож болно.
 
 
Мөн тэтгэлэг тус бүр өөрийн шалгалттай учир дараах холбоосоор шалгалтуудын загварыг харж бэлдэж болно.
 
 
2) Багшийн сургалт болон Японы судлалын оюутнуудын хувьд 10 сарын элсэнд хамрагдахын тулд материалыг өмнөх жилийн 12 сараас дараагийн жилийн 2 сарын хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтыг 2-3 сарын хооронд хийх бөгөөд 4 сарын сүүлээр шалгарсан хүмүүсийг цааш нь боловсролын яамандаа мэдэгддэг.
 
Анкет болон бүрдүүлэх материал
 
Загвар шалгалтууд
 
Цаг хугацааны хувьд графаар харуулбал дараах байдлаар явагдана:
 
За дээрх тэтгэлгүүдээс гадна олон хүмүүсийн сонирхдог мастерын тэтгэлгийг бас Японы засгийн газар олгодог байгаа. Энэ тэтгэлгээр суралцахыг хүссэн оюутнууд Япон дахь их дээд сургуулиудад суралцана гэсэн үг.
 
Суралцах мэргэжил:
 
Тэтгэлэгт хандсан хүмүүсийн суралцах чиглэл нь Японы их дээд сургуулиудад сурч, судалж болох мэргэжил байх ёстой. Үүнд нэг анхаарах зүйл гэвэл анагаах ухаан, нүүр ам судлал, эрүүл ахуйгаар суралцах оюутнууд Японы хуулийн дагуу Эрүүл Мэнд, Хөдөлмөрийн Яамнаас нь хууль ёсны зөвшөөрөл авахаас нааш дадлага хэлбэрээр мэс засал хийж, анагаах үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
 
Тэтгэлгийн хэмжээ:
 
Одоогийн байдлаар 160 орны 83000 оюутнууд Японы Засгийн Газрын тэтгэлэг буюу Монбукагакушогоор суралцаад байгаа билээ. Манайхан үүнийг товчоор Монбушо гэж дууддаг.  Тэтгэлэгт Япон улстай дипломат харилцаатай бүх орны иргэд хамрагдах боломжтой.
 
Тэтгэлгийн хангамж:
1) Амжиргааны мөнгө
2011 оны төсвийн байдлаар оюутан бүр сарын 143,000 ен (судлаач оюутан), 144,000 ен (мэргэжлийн сургууль, мастерт сурах оюутан) 145,000 (докторт сурах оюутан)  олгох бөгөөд тусгай бүс нутагт сурч, судалгаа хийж байгаа оюутнуудад сарын 2000-3000 ен нэмэлт олгох боломжтой. Энэ хэмжээ тухайн жил бүрийн төсвөөс хамааран өөрчлөгдөнө. Удаан хугацаагаар сургуулиасаа чөлөө авсан оюутнуудын тэтгэлгийг олгохгүй.
2) Замын зардал
Япон руу очих замын зардал: Тэтгэлэгт хамрагдсан оюутан бүрт өөрийнх нь байгаа газраас Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудал хүртэлх замын зардлыг олгоно. Үүнээс бусад дотоодод явагдаж байгаа зардлыг даахгүй. Өөрийн эх орноос өөр газраас Япон руу нисэх зардлыг мөн даахгүй. Япон руу их сургуульд тэнцсэн бичигээ гардан авах тохиолдолд замын зардал даахгүй.
Японоос буцах замын зардал: Сүүлчийн сарын стипендээ авсан оюутан өөрөө хүсэлт гаргасны дагуу Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас эх орон луу нь буцаах замын зардлыг гаргаж өгнө.
Дээрх зардалд амь насны даатгал хамрагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
3) Сургуультай холбоотой төлбөр
Сургуулийн элсэлттэй холбоотой гарсан төлбөр, сургалтын төлбөр, элсэлтийн шалгалтын төлбөрүүдийг Японы засгийн газар даана.
 
Тавигдах шаардлага:
 
1) Японы Засгийн Газартай дипломат харилцаатай орны иргэн байх ёстой. Японы иргэншилтэй хүнийг тооцохгүй. Хүсэлт гаргагчийг өөрийнх нь улс дахь Японы ЭСЯ дээр сонгон шалгаруулна.
2) Хүсэлт гаргагч нь 1978 оны 4 сарын 2 ноос хойш төрсөн байх ёстой.
3) Японы их дээд сургууль төгссөн эсвэл Японы их дээд сургуулийн хөтөлбөртэй дүйцэх хэмээжээний боловсролтой байх ёстой. Дараах нөхцөлүүдийг хангаж чадвал Японы их дээд сургуулиудтай дүйцэнэ гэж ойлгож болно:
           -  Гадаад оронд 16 жилийн хөтөлбөртэй сургууль төгссөн эсвэл төгсөнө.
          -  22 нас хүрсэн эсвэл хүрэх бөгөөд их сургуульд тэнцэх шалгалтыг өгсөн бөгөөд баклаврын зэрэгт тэнцэхүйц боловсролтой гэдгийг мастерын сургуулиар батлуулсан байх
   Жич: Ерөнхийдөө Японы мастерийн сургуульд тэнцэх хэмжээний боловсролтой, тийм хэмжээний шаардлага хангасан оюутан байх ёстой.
4) Оюутан өмнөх их дээд сургуульдаа сурч байсан чиглэлийн дагуу мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой. Оюутан өөрийн хүссэн сургуульдаа сурч, судалдаа хийж болохоор мэргэжил сонгох ёстой.
5) Оюутан Японд ирсний дараа Япон хэлийг сурч, Япон улсын түүний түүх соёлын  талаар суралцах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Мөн Японд улсад суралцахын хажуугаар дасан зохицоод өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой.
6) Оюутан бие бялдар болоод сэтгэлзүйн хувьд эрүүл байх ёстой.
7) Оюутан заасан хугацаанд Японд очиж чадах ёстой. Заасан хугацаанд аялаагүй тохиолдолд замын зардлыг олгохгүй.

Удахгүй нэмэх:
 
 
ГЕРМАН УЛСЫН DAAD БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛЭГ
 
DAAD гэдэг нь Deutscher Akademischer Austausch Dienst буюу Монгол хэлнээ Германы Эрдмийн Солилцооны Алба гэж хөрвүүлдэг болтой. Үүнээс цааш DAAD нэрээр нь явъя.  
 
DAAD нь Монголд өөрийн суурин төлөөлөгчийн газартай учир бусад тэтгэлгүүдийг бодвол мэдээлэл авахад дөхөм, зөвлөгөө өгөөд суудаг хүн ч бий. Нэмэлт мэдээлэл авахын тулд монголд доорх гурван газар хандаж болно.
 
Монгол Улс дахь Герман Улсын Элчин Сайдын Яам
Шуудангийн хайрцаг 708
15160 Улаанбаатар 
 
DAAD-ын багш зөвлөхүүд
Lars Bergmeyer
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
 
Сарнай Чулуунбат-Кат
Монголын Боловсролын Их Сургууль
Бага тойруугийн 14
Улаанбаатар 48
 
DAAD монгол хүмүүст дараах төрлийн тэтгэлгүүдийг олгодог бөгөөд ерөнхий мэдээллийг товч дурдъя. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл DAAD-ын өөрийн цахим хуудас руу орж үзэхэд (энд линк маягаар хийв) ойлгомжтой болно.

DAAD монгол хүмүүст дараах төрлийн тэтгэлгүүдийг олгодог бөгөөд ерөнхий мэдээллийг товч дурдъя. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл DAAD-ын өөрийн цахим хуудас руу орж үзэхэд (энд линк маягаар хийв) ойлгомжтой болно.

 
Залуу Эрдэмтэн судлаачид болон Шинжлэх Ухаан судлаачдад зориулсан судалгааны тэтгэлэг.
·      Жил бүрийн 9 дүгээр сарын 30 анкет авах эцсийн хугацаа. Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 11 сард Улаанбаатар хотод дараагийн шат буюу ярилцлаганд дуудна.
·      Судалгааны тэтгэлэг авахын тулд Герман хэлний ерөнхий мэдлэгтэй гэдгээ баталж чадах ёстой.
·      Анкет өгөх үед сүүлийн дипломоо авснаас хойш 6 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх ёстой.
Докторын зэрэгт суралцах оюутнуудын хувьд 3 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх.
·      Анкет өгөх үед оюутнууд онц сайн дүнтэй мастерын зэрэгтэй гэдгээ баталж чадах ёстой.
·      Замын зардлыг DAAD төлнө.
·      Герман хэлний өндөр мэдлэг (TestDaF 4x4) эсвэл англи хэлний өндөр мэдлэг (IELTS 5.5 оноо эсвэл TOEFL iBT 80 эсвэл TEM 8 оноо) шаардлагатай.
Дээрх олон тэтгэлгүүдээс хүмүүсийн хамгийн их сонирхдог нь дараах тэтгэлэг:
 
Мастерын зэрэгт суралцах оюутны тэтгэлэг
 
Зорилго
Энэ тэтгэлэг нь гадаад оюутнуудыг бүх төрлийн мэргэжлээр Германы улсын эсвэл Герман улсад итгэмжлэгдсэн их дээд сургуульд мастерын зэрэгт суралцаж Мастер юмуу Дипломын зэрэг олгодог юм. Мастерын хөтөлбөрийнхөө эхний юмуу хоёр дахь жилийг өөр улсын их дээд сургуульд суралцаад үлдсэн хугацааг Германд суралцах гэж байгаа хүмүүст бас тэтгэлэг олгох боломжтой.
 
Хугацаа
Тухайн суралцах гэж буй мэргэжлийн хөтөлбөрөөс шалтгаалаад тэтгэлгийг 10-24 сарын хугацаатайгаар олгодог. Эхний ээлжинд тэтгэлгийг нэг жилээр өгөөд, тухайн оюутан сурлага сайтай байгаа тохиолдолд үлдсэн хугацааг даахаар сунгаж болно. 

Тэтгэлгийн хэмжээ
DAAD сарын 750 евро өгнө. Үүнээс гадна Герман дахь эрүүл мэндийн даатгалыг чинь даадаг ёстой. Хэрэв чиний эх орноосоо Герман хүрэх замын зардлыг өөр газар даагаагүй тохиолдолд ирэх буцах зардлыг чинь даана. Мөн DAAD судалгаа хийх мөнгө болон шаардлагатай гэж үзвэл байрны хөнгөлөлт, гэр бүлийн мөнгө нэмж өгнө.

Тавигдах шаардлагууд
·      DAAD-ын энэхүү тэтгэлэг нь сурлага чармайлт сайтай, хамгийн багадаа баклаврын зэргийн дипломтой дүйцэх дээд боловсрол эзэмшсэн байх ёстой.
·      Тэтгэлэгт хандах үед баклаврын зэргээ авснаас хойш 6 гаас илүү жил өнгөрсөн байх ёсгүй.
·      Өмнөх сурлага чармайлт сайтай байхаас гадна, хамгийн чухал шалгуур бол тухайн оюутны Герман улсад очиж сурах гэж буй зорилгодоо боловсролын болон хувийн шалтгааны үүднээс хэрхэн итгэл үнэмшилтэй байгаа эсэх нь чухал.
·      Анкет өгөх үед тухайн оюутан суралцах гэж буй сургуульдаа тэнцсэн гэсэн сургуулийн албан ёсны бичгийг хавсаргах ёстой. Анкет өгөх үед аль нэгэн сургуульд тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрийг эхлэхээс өмнө орох сургуульдаа тэнцсэн гэсэн бичгийг DAAD-д илгээх ёстой. DAAD-аас илгээх тэтгэлэг олгосон захидал чамайг сургуульд тэнцсэн тэр цагаас л хүчин төгөлдөр болно.
·      Хэрэв чиний сонгосон хөтөлбөр Германаас гадна өөр улсад хэсэг хугацаанд суралцах ёстой гэж заасан тохиолдолд тэр байх улс чинь Европын Холбоо дотроо байвал энэ хугацааны зардлыг даана. Мөн энэ байх хугацаа нь хамгийн ихдээ 6 сар буюу нийт тэтгэлгийн хугацааны 25% аас илүү байх ёсгүй.
·      Германд суралцахын тулд, нэн ялангуяа урлаг, хүмүүнлэгийн ухаанаар суралцах гэж буй оюутнууд Герман хэлийг сайн эзэмшсэн байх ёстой. Энэ шалгуурыг хөнгөлөх нэг арга нь хэрэв чиний сурах мэргэжил чинь Англи хэл дээр байгаа тохиолдолд заавал Германаар сайн байх албагүй. Одоо цагт Герман International Degree буюу Англи хэл дээр олгодог хөтөлбөрүүд зөндөө байдаг тул Герман хэлгүй хүмүүс энэ тал дээр санаа зоволтгүй.
·      Зарим тохиолдолд албан ёсны мэргэжлийн хөтөлбөр чинь эхлэхээс өмнө DAAD өөрсдөө зардлыг чинь дааж Германд Герман хэлний курст суралцах боломж олгодог. Тэгэхээр ямар ч үнэ төлбөргүйгээр Герман хэл сурна гэсэн үг. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд DAAD  6 сарын хэлний курсын зардлыг даана.
·      Өмнө нь Герман улсад 15 сараас дээш хугацаанд суурин амьдарч байсан хүмүүсийг авч хэлэлцэхгүй болно.
·       Анкет бүрдүүлэх
·      Анкетанд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар Application Form for "Research Grants and Study Scholarships" ("Antrag auf ein Forschungs-/Studienstipendium") дээр бичээстэй байгаа. Үүнийг интернэтээс дараах холбоосоор татаж авч болно: https://www.daad.de/medien/deutschland/stipendien/formulare/forschungsstipendium_en.pdf

·      Эсвэл Монгол улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, DAAD-ын төлөөлөгчийн газруудаас авах боломжтой.

Анкетыг бөглөхдөө яагаад Германд суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловролын болон хувийн шалтгаануудаа тоочихоос гадна Германд суралцах гэж буй их дээд сургуулийн чинь цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Үүнд: Хөтөлбөрийн чинь нэг, суралцах төлөвлөгөө, суралцах хугацаа, ямар хэл дээр сурах, мөн сургалтын төлбөр болон бусад элсэлтийн талаарх мэдээлэл хэрэгтэй.

·      Дутуу анкетыг хүлээн авахгүй ээ гэчихсэн байгаа. Ойлгомжтой биз ээ.
DAAD-ын өөрийн цахим хуудсанд орон орны хүмүүст тусгайлан зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Ийшээ ороод Монгол оюутнууд бүх мэдээллийг авч болно. Ерөнхийд нь дээр хөрвүүлсэн байгаа. https://www.daad.de/medien/deutschland/stipendien/formulare/forschungsstipendium_en.pdf
Анкетыг шууд DAAD-ын Бонн дахь оффис руу явуулж болохгүй. Дээрх холбоос дотор хэзээ, хаашаа явуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Германд суралцах боломжуудын талаар энэ холбоос тус болж магад:
http://www.hochschulkompass.de/en/

 
 
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭТГЭЛЭГ
 
Азийн Хөгжлийн Банк-Японы Тэтгэлгийн Хөтөлбөр (ADB-JSP) нь 1988 онд Японы Засгийн Газрын санхүүжилтээр анх бий болсон. Энэ тэтгэлэг нь Азийн Хөгжлийн Банкны хөгжиж буй гишүүн орнуудын иргэдийг эдийн засаг, менежмент, шинжлэх ухаан, технологи болон бусад хөгжилтэй холбоотой мэргэжлээр Ази Номхон Далайн хамтын ажиллагаа үүсгэсэн их сургуулиудад суралцах боломж олгодог. Сургуулиа төгсөөд оюутнууд эх орондоо буцаж эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой.
 
(ADB-JSP) тэтгэлэг дараах зардлыг хангана:
  •       Сургалтын төлбөр
  •       Сарын амжиргаа, байрны мөнгө
  •       Ном, сургалтын материалын зардал
  •       Эрүүл мэндийн даатгал
  •       Замын зардал
 
Тус тэтгэлгийг нэг жилээр олгож, хоёр дахь жилдээ сунгагдах нөхцлөөр олгодог. Тэтгэлгийг хоёр дахь жилд сунган суралцахын тулд, сурч буй сургуулиас тавьсан дүнгийн болон бусад шаардлагыг хангах ёстой.
 
Тэтгэлэгт тэнцэхийн тулд дараах нөхцөлүүдийг хангасан байх ёстой:
  • Азийн Хөгжлийн Банкнаас зээл авдаг гишүүн орны иргэн байх
  • Хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудын аль нэгт мастер эсвэл докторын хөтөлбөрт тэнцсэн байх
  • Баклаврын зэрэгтэй байх
  • Тэтгэлэгт хандах үед хамгийн багадаа хоёр жил бүтэн цагаар ажилласан байх
  • Англи хэлний яриан болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх
  • Тэтгэлэгт хандах үед 35-аас доош настай байх. Зарим онцгой нөхцөлүүдэд сургалтын хөтөлбөрүүд ахллах ажилтан болон менежерүүдэд зориулагдсан тохиолдолд насны хязгаар 45 байна.
  • Эрүүл байх
  • Сургуулиа төгсөөд эх орондоо буцахыг хүлээн зөвшөөрөх
  • Азийн Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлууд, Орон Тооны Захирлууд, удирдлагууд болон бусад ажилтнууд, зөвлөхүүд, тэдний хамаатан саднууд тэтгэлэгт хамрагдах боломжгүй
  • Тэтгэлэгт хамтран ажиллаж байгаа их сургуулиудын ажилтнууд өөрийн их сургуульд суралцах боломжгүй
  • Өөрийн эх орноос өөр газар амьдарч, ажиллаж байгаа хүмүүс тэтгэлэгт хандах боломжгүй
  • ADB-JSP нь тэтгэлэгт хандах үедээ сургуульд суралцаж байгаа оюутнуудын дэмжихгүй
  • ADB-JSP баклаврын зэрэг, зайны сургалт, богино хугацааны сургалт, хурал, семинар, судалгааны ажил зэргийг дэмжихгүй
Хөтөлбөрт дараах сургуулиуд хамрагдсан бөгөөд чи зөвхөн эдгээрийн аль нэгэнд өргөдлөө гаргаж, тэнцэх ёстой гэсэн үг (сургуулийн нэрэн дээр дарахаар шууд цахим хуудас руу нь шилжинэ):
 
INSTITUTION
LOCATION
Canberra, Australia
Melbourne, Australia
Hong Kong, China
New Delhi, India
Tokyo, Japan
Niigata, Japan
Yokohama, Japan
Kobe, Japan
Fukuoka, Japan
Nagoya, Japan
11. National Graduate Institute for Policy Studies
(formerly Graduate School of Policy Science, Saitama University)
Tokyo, Japan
12. Ritsumeikan Asia Pacific University
Graduate School of Asia Pacific Studies
Oita, Japan
13. Ritsumeikan University
Graduate School of Economics
Kyoto, Japan
Saitama, Japan
Tokyo, Japan
Tokyo, Japan
Ibaraki, Japan
Auckland, New Zealand
Lahore, Pakistan
Manila, Philippines
21. International Rice Research Institute
University of the Philippines, Los Banos
Laguna, Philippines
Singapore
Singapore
Bangkok, Thailand
Bangkok, Thailand
Hawaii, USA

ADB-JSP хөтөлбөр нь дараах мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах оюутнуудын дэмжинэ:
·      эдийн засаг
·      менежмент
·      эрүүл ахуй
·      боловсрол
·      хөдөө аж ахуй
·      байгаль орчин
·      байгалийн нөөцийн удирдлага
·      шинжлэх ухаан, технологи
·      бусад хөгжилтэй холбоотой мэргэжлүүд
 
Тэтгэлэгт хандах журам юу вэ?
1. Оюутан өөрийн сонгосон сургуулиасаа нэмэлт мэдээлэл болон анкет авах хүсэлт гаргана.
2. Оюутан сургуулийн хөтөлбөрт хандахдаа ADB-JSP тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаагаа мэдэгдэх ёстой. Сургуульд өргөдлөө өгөхдөө сургуулиас шаардсан анкет, бусад бичиг баримт, ADB-JSP Information Sheet form, зэргийг сургуульд өгөх ёстой. Ямар нэгэн материал дутуу эсвэл худлаа өгсөн тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй нь мэдээж биз ээ. Мөн өөрийн Орлогын Татварын Баримт, эсвэл сар/жилийн цалингийн баталгаа баримтыг үзүүлэх ёстой. Үүн дээр нэмээд гэр бүлийн буюу ээж аавын орлогын тодорхойлолт хэрэгтэй.
3. Чиний материалаа өгсөн сургууль бичиг баримтыг үзэж, өргөдөл гаргасан хүмүүсийг өөрийн сургуулийн шалгуурын журмын дагуу дэс дарааллаар ангилна. Ингэхдээ тэд Азийн Хөгжлийн Банкнаас тавигдсан шалгуурыг давхар харж үзнэ.
4. Сонгон шалгаруулалтын үед сургууль нэмэлт мэдээлэл авахын тулд өргөдөл гаргасан хүмүүс рүү холбогдож болзошгүй.
5.  Үүний дараа тухайн сургууль бүр өөрсдийн гаргасан оюутны жагсаалтыг Азийн Хөгжлийн Банк руу явуулна. Энэ жагсаалт дотор жагсаалтын үндэслэл болсон онооны системыг тайлбарласан байна.
6.  Азийн Хөгжлийн Банк сургуулиудаас ирсэн жагсаалтуудыг хянаж үзээд, шалгуурын дагуу сонгогдсон хүмүүсийг Япон дахь Гүйцэтгэх Захирал руу илгээж албан ёсны зөвшөөрөл авна.
7.  Зөвшөөрөл авсны дараа Азийн Хөгжлийн Банк эргээд их сургуулиуд руу тэнцсэн хүмүүсийг мэдэгдэнэ.
8.  Суруулиуд оюутнуудад тэнцсэнийг нь мэдэгдэж, тэтгэлгээ авах арга хэмжээг зохион байгуулна.
9.  Сургуулиуд зохион байгуулсаны дагуу, оюутнууд тэтгэлгээ хүлээн авах бичигт гарын үсэг зурах бөгөөд тус бичигт оюутан сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирнэ ээ гэсэн заалт байгааг давхар хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мөн тус тэтгэлэгт хамрагдсан хүмүүс төгссөнөөс хоёр жилийн дотор Азийн Хөгжлийн Банк Группын аль нэг байгууллагат ажиллах боломжгүй.
10.  АХБ амжилттайгаар тэнцсэн оюутнуудад баяр хүргэсэн захидал илгээнэ.
 
ADB-JSP тэтгэлэгт хандахын тулд дараах шаардлагыг харж үзнэ:
1.   Тухайн хүний qualifications
2.   Хоёр жилээс бага хугацаанд ажилласан хүмүүсийг сонгохгүй
3.   Эмэгтэй хүмүүсийг илүү дэмжинэ
4.   Санхүүгийн боломж муу хүмүүсийг түлхүү дэмжинэ
5.   Ерөнхийдөө өмнө нь гадаадад суралцаж байсан хүмүүсийг дэмжихгүй
6.   Ерөнхийдөө хоёр дахь мастерын зэрэг, хоёр дахь Докторын зэрэгт суралцах гэж байгаа хүмүүсийг дэмжихгүй
7.    Өөрийн эх орондоо байгаа сургуульд суралцах гэж байгаа хүмүүсийг сонгохгүй
8.    Аль болох олон орны оюутнуудыг хамрахыг хичээнэ
9.  Хөтөлбөр нь Азийн Хөгжлийн Банкны 2020 Стратегийн дагуу мэргэжлүүдийг дэмжих бөгөөд үүнд дэд бүтэц, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүгийн салбарын хөгжил, болон боловсрол зэргээр дамжуулан ядуурлыг бууруурлах мэргэжлүүд багтана.
 
Дараах холбоосоос ADB-JSP Information Sheet авах боломжтой:
 
 
Нэгэн зэрэг хоёроос илүү сургуульд материалаа өгөх боломжтой бөгөөд үүнийгээ анкетан дээр дурьдах ёстой.

ADB-JSP тэтгэлэгт хандахдаа анхаарахад илүүдэхгүй зүйлс:

  • Азийн Хөгжлийн Банкинд хандсан тусгай анкет шаардлагагүй
  • Өөрийн суралцахыг хүссэн хөтөлбөрийг эхлэхээс хамгийн багадаа 6 сарын өмнө information sheet, болон бусад бичиг баримтыг сургуульд илгээсэн байх ёстой.
  • Зөвхөн сургуульд тэнцэж, хамтын ажиллагаатай их сургуулиудаас дэмжсэн оюутнуудад тэтгэлэг олгоно.
  • ADB-JSP тэтгэлэг дараах зардлыг даахгүй: оюутны гэр бүлд учрах зардал, нэмэлт сургалт, сургалтын үед учрах бусад замын зардал, семинар, дадлагат хамрагдах зардал гэх зэрэг.
  • Сургуулийн анкет бөглөж, өргөдөл гаргасанаараа өөрийгөө тэнцсэн гэж ойлгож болохгүй нь мэдээж. Тиймээс эцсийн хариу иртэл ажлаас гарах, гэх мэт арга хэмжээ авах нь утгагүй хэрэг.
  • Нэгэнт энэ тэтгэлгийг авсан бол хоёр дахь удаагаа хамрагдах ямар ч боломжгүй
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдож болно:
 
ADB-Japan Scholarship Program
 
Office of Cofinancing Operations
Asian Development Bank
 
 
 
Visit us: Room 7729 East
Asian Development Bank
 
#6 ADB Avenue, Mandaluyong City 1550
 
Metro Manila, Philippines

Тэтгэлгийн өөрийн цахим хуудас:
http://www.adb.org/site/careers/japan-scholarship-program/main
Эх сурвалж: http://www.khongi.com/2013/07/blog-post.html
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Монгол залуучууд гадаадад тэтгэлгээр суралцах боломжууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • tuya 2014/07/22
    Bayrlalaa, neg ch gsen mongol zaluu delhiin tubshiin medleg dklk.vjkl tptbing l dee

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/07/22
    bayarlalaa heregtei medee bn shu :)

    3 0 Хариу бичих
  • turuu 2014/07/22
    bayrllaa iim medeelel ih heregtei bailaa, oyutan zaluus bidnii huwid ene bol mash tom bolomj yum good luck....

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/06
    good luck. gues

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/30

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/08
    bayrlalaa ih heregtei medeelel bna shude ene talaar olon hun boddog ch yg haanaas henees medeelel avahaa sn meddeggui ursgalaar yvaad bdag yum shige .mini huvid unen setgelese unshlaa.Hun burd bolomj urgelj bdag bhaa.Oroldood uznee uragshaa zaluusaa bid chadnaa.

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/05/06
    En chn khongorzul gd huuhnii blog dree bichsn medeelel bnshdee.hunii bichsen yuniig shuud copydchood ydaj ard n nerii n tavildaa. Humuust hurgej bga n sn hereg hedii ch.uursduu bichsn medeellig n tsuglulsn yumshg ingj bolku bhaa!!

    1 8 Хариу бичих
    • Зочин 2014/05/07
      Эх сурвалж: http://www.khongi.com/2013/07/blog-post.html гээд бичцэн байгаам биш үү харин ч ёс зүйтэй байна. Битий худлаа шаль шаль гээд бай

  • Зочин 2014/05/05
    ystoi heregtei medeelel bn. Iim dajgui site bdgiig say l medlee. Odoonoos shimten unshjina medeelluudiig n. ta bugded amjilt husie.

    23 0 Хариу бичих
  • anura 2014/05/04
    bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • byaraa 2014/05/04
    thanks turshaad vzie bolomj garj ireh ch ym bilvv

    0 0 Хариу бичих
  • bolor 2014/05/04
    mash ih bayarlalaa, delgerengui urgun hureetei chuhal medeelel bna

    0 40 Хариу бичих
  • boldoo 2014/05/02
    tanaih ih heregtei sonirholtoi medee oruuldag shuu amjilt husii

    1 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох