МУГТ Хөдөлмөрийн баатар Д. Сумьяа хүрэл медаль хүртлээ

Осакагийн “Гранд Слам”-ын анхны медалийг МУГТ , Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа авчирлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Япон улсын бөх Фунакубо Харукагийн эсрэг хийж хүч шавхсан тулааны эцэст ялж хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрөгч тавдугаар сараас хойш олон улсын тэмцээнд ороогүй байсан тэрээр Монголын жудогийн үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч МУГТ , МУГД Х. Болдбаатарын удирдлага дор анхны медалиа ийнхүү авлаа. Харин -48 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан МУГТ М.Уранцэцэг энэ жил 19 нас хүрэх Японы Кога Вакана -д харамсалтай ялагдал хүлээж долдугаар байрт орлоо. Кога Вакана нь хэсгийн хоёрдугаар тойрогтоо Казакстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгийг мөн ялаад байсан билээ.