Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд шалгалтад бүдэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/  өнөөдөр /2019.11.22/  олон улсын  хөтөлбөрийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад  хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын  талаар мэдээлэл хийлээ.  Шалгалтад

Ерөнхий боловсролын  Орхон Хасү сургууль,

Сакура сургууль,

Жет сургууль,

Орчлон сургууль,

Сингапур скүүл оф монголиа сургууль,

Бритиш сургууль,

Улаанбаатар-Элит олон улсын сургууль,

Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль,

Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль,

Тэрэлж боардинг   гэхчлэн арван сургуулиуд хамрагдсан байна.

Кембрижийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэхдээ франчайз хэлбэрээр тухайн улсаас зөвшөөрөл авч зориулалтын барилга, сургалтын орчинтой, мэргэжлийн зэрэгтэй багш нараар сургалт явуулдаг аж.

Гэтэл сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан сургуулиуд өөрсдийгөө Кембрижийн хөтөлбөртэй хэмээн  рекламдах болсон ч  МХЕГ-ын шалгалтаар Бритиш, Орчлон, Орхон Хасү, Улаанбаатар-Элит олон улсын сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийн албан ёсны эрхтэй байсан бол бусад зургаан сургууль шалгалтад бүдэрчээ.

МХЕГ-ын боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд бид олон улсын хөтөлбөртэй гэж өөрсдийгөө нэрлээд байгаа сургуулиудад хяналт шалгалт хийсэн. Энэ удаа өмнө МХЕГ-ын хяналт шалгалтад орж байгаагүй сургуулиудыг түүвэрлэж авсан гэдгийг энд онцолъё. Шалгалтаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нэршил, хэв шинжийн зөрчил, боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт, багшлах боловсон хүчин  зэрэг гурван төрөлд зөрчил илэрлээ. 

Тухайлбал, Улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж  байсан Жэт сургууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф монголиа сургуулиудын зөрчил нь  бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийг зөрчиж байна.

Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй эсхүл  “international school” гэж нэрлэдэг. Өөрсдийгөө Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж  байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй. Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль, Бритиш сургуулиудын бүтэц нь  бага дунд ахлах сургалт явуулах чиглэл нь бага, суурь, бүрэн дунд гэж заасан боловч цэцэрлэг буюу бэлтгэл бүлэг хичээллэж байгаа  нь ЕБС-д зургаан настай хүүхэд элсүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шалгалтад  хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд .

Улаанбаатар Элит сургуулийн багш нарын 15  хувь нь зэрэгтэй байхаас 13.7 хувь,

 Сингапур скүүл оф монголиа сургууль мэргэжлийн зэрэгтэй багш  54 хувь байхаас 21 хувь,

Сакура сургуулийн зэрэгтэй  багш 70 хувь байхаас 28.5 хувь,

Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас  33 хувьтай байгаа нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг  тус тус зөрчиж байна.

Энэхүү шалгалт нь  урьдчилан сэргийлэх шалгалт байсан учраас тухайн сургуулиудад анхааруулж зөвлөмж өгч зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Цаашид БСШУСЯ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэдэг байх ёстой” гэлээ.