Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд асар их өгөгдөл, боломжуудыг олгодог хэдий ч сөргөөр нөлөөлөх тал бий. Тухайлбал, цахим халдлагад өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох, үнэн худал нь үл мэдэгдэх сөрөг мэдээлэлд автах, нийгмийн сэтгэлзүйг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөг үүсгэдэг.

Энэхүү сөрөг нөлөөнд бидний ирээдүй болсон хүүхэд багачууд өртдөг нь харамсалтай.

Хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэн цахим дээрэлхэлт цаашлаад цахим гэмт хэрэг, цахим хүчирхийлэлд өртөх магадлал жилээс жилд өсөх хандлагатай байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх нь чухал болоод байгаа юм.

Иймд хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны сөрөг нөлөөллийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд тус тэнхимийн багш, ажилтнууд энэ чиглэлээр оюутнуудтайгаа хамтран ЕБС-ийн сурагчдын дунд "Үе тэнгийн дээрэлхэлт"-ээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Цахим орчны сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх

Цахим дээрэлхэлт гэдэг нь цахим сүлжээ, цахим мэдээлэлд хүч тэнцвэргүй харилцааг бий болгож хэн нэгнийг хүсээгүй үед нь хохироож буй үйлдлийг хэлдэг байна.

Цахим дээрэлхэлтээс хүүхэд, өсвөр үеийнхнийг урьдчилан сэргийлэхийн тулд тэднийг мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулах шаардлагатай юм. Иймд өсвөр үеийнхэнд шүүн тунгаах чадвар олгох, цахим орчинд шүүлтүүртэй хандаж сургах, цахим дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд хэнд хандах зэргээ мэддэг байх арга замуудыг зааж сургах нь нөлөөллийн ажлын гол зорилго юм.

ЕБС-иудад "ГОЁ НАЙЗ" аяныг зохион байгууллаа

Нөлөөллийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын 28, 40-р сургууль дээр "ГОЁ" аяныг зохион байгуулсан бол 31-р сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд "Цахим орчны зохистой хэрэглээ" сэдвийн хүрээнд өртөөчилсөн сургалтыг явууллаа. Бага насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд цахим хэрэглээний зохистой хэрэглээний мэдлэг, ойлголт хомс байгаа нь цахим гэмт хэргийн гаралт ихсэх шалтгаан болж байгаа учир сурагчдыг энэ төрлийн мэдээллээр хангах хэрэгтэй байгаа юм.

Цахим орчны хэрэглээ дараах 3 эрсдэлийг дагуулдаг байна:

2019 оны байдлаар Монгол улсад 2,156,000 хүн сошиал медиаг идэвхтэй хэрэглэж байгаа ба сошиал медиа хэрэглээгээрээ өнгөрсөн онд Азидаа тэргүүлж байсан удаатай.

Монгол Улсын хэмжээнд байнгын интернэт хэрэглэгчдийн тоо 2.9 саяд хүрсэн бол харин ухаалаг утасны хэрэглээ улсын хүн амын тооноос их буюу 3.3 саяыг давжээ.

Энэ нь хүн бүр цахим хэрэглээний хязгааргүй орон зайд нэвтэрч, ямар  нэгэн шүлтүүргүй мэдээллийг хүлээн авч байна гэсэн үг юм. Цахим орчны хэрэглээ нь хүүхдийн харилцааны орчныг хязгааргүй тэлж тэр хэрээр хүүхдүүд зохисгүй, эрсдэлтэй, аюултай зурвасыг давж цахим дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, цахим хүчирхийллийн золиос болох магадлал нэмэгддэг. Иймд цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд дан ганц багш сурган хүмүүжүүлэгчдийн бус эцэг эх, хүүхдийн оролцоо ч чухал үүрэгтэй юм.

1. Зохисгүй агуулга бүхий мэдээллийг олж авах

  • Хуулиар хориглосон
  • Нас, сэтгэлзүйн онцлогт тохирох

2. Холбоо тогтоох эрсдэл

  • Танихгүй хүмүүстэй холбогдох
  • Зохисгүй зан үйлд уруу татах
  • Цахим орчны бэлгийн мөлжлөгөд өртөх

3. Зан үйлийн эрсдэл

  • Дэлгэцийн донтолт
  • Зан, харилцааны доголдол

Хүүхэд багачуудын дунд гэлтгүй Монгол улсын хэмжээнд цахим хэрэглээ идэвхтэй хэрэглэх болсон нь дэлгэцэнд донтох өвчлөлийг бий болгож улмаар зан төлөвийн болон харилцааны доголдол үүсэх, уурлаж бухимдах, нойргүйдэх, гэр бүлийн харилцаанд ан цав үүсгэх шалтгааны нэг болоод байна.