70 жил нуугдсан сууц

Парисын Jean Baptiste-Pigalle дүүргийн 19-р байрнаас 1942 оноос хойш түгжээтэй байсан нэгэн хуучны сууц олджээ.

Зэвэрсэн цоожтой хуучин хаалганы цаана Дэлхийн 2-р дайны үеэс хойш хэн ч нэвтрэн ороогүй өтгөн тоосонд дарагдсан 140 м.кв талбай бүхий орон сууц гайхалтайгаар хадгалагдан үлдсэн байв. Хэн ч тэр хаалгыг онгойлгох гэж оролдоогүй бас тэрхүү сууц хэн нэгний сонирхлыг бүтэн 70 жилийн турш огт таталгүй явсаар энэ цаг үед ирсэн гэдэг нь дэндүү сонирхолтой. Байрны эзэмшигч хатагтай Floriane нь германчуудыг нийслэлд орж ирэхэд орон гэрээ орхин зугтжээ. Гэхдээ дайны дараа ч тэрээр тус байрандаа огт эргэн ирээгүй бөгөөд тэр ч бүү хэл ийм орон сууц өөрт нь байдаг тухай хэнд ч ярьж байгаагүй гэнэ. Хатагтайг 91 насандаа таалал төгсөхөд хууль ёсоор түүний өмч хөрөнгийг тоолж байсан хүмүүс 70 жилийн хугацаанд огт нээгээгүй эрдэнэсийн сан мэт нэгэн нууцлаг орон сууц түүний эзэмшилд байгааг санамсаргүй олж илрүүлжээ.

Үзэмжтэй модон адар бүхий тус сууцанд хуучны зуух, чулуун угаалтуур, дайны өмнө үйлдвэрлэгдсэн чихмэл тоглоомууд, тухайн үеийн дээдсийн хүрээлэнгийн эмэгтэйчүүдийн өмсдөг байсан дэгжин хувцаснууд, хайрын захидлууд, үнэтэй тавилганууд гээд нүд хужирламаар олон зүйлс огт элэгдэж гэмтэлгүйгээр маш сайн хадгалагдан үлдсэн байлаа.

Зочны өрөөний голд хадсан итали зураач Giovanni Boldini-ний нэгэн гайхалтай зураг бүгдийг анхаарлыг татсан юм. Дуудлага худалдаагаар Францын үзэсгэлэнт жүжигчин Marte De Floriane-ы хөрөг бүхий энэ зурагт уран зураг сонирхогчид чамгүй үнэ хаялцжээ. Ингээд нэгэн сонирхогч 1.7 сая €-ны үнэ хэлснээр зургийг асар өндөр үнээр худалдан авсан байна.