Эрдэнэсийн хулгайчийг илчилсэн хүнд 500 мянган евро амлав

Германы Дрезден хотоос Веттинүүдийн хаадын угсааны эрдэнэсийн санг хулгайлсан хэргийг илрүүлэхэд туслан, дээрэмчдийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 500 мянган еврогоор шагнана гэж Германы цагдаагийн газар мэдэгджээ. 

"Гэмт хэргийг илрүүлж, хууль зөрчигчдийн байгаа газрыг олох эсвэл тэднийг баривчлах, хулгайлагдсан эрдэнэсийг олоход туслах мэдээлэл өгсөн хүнд 500 мянган еврог шагнал болгон өгнө" хэмээн Саксонийн цагдаагийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Түүнчлэн энэхүү дуулиант хэргийг мөрдөхийн тулд 40 хүнээс бүрдсэн тусгай комисс байгуулагдсан талаар  мэдэгдэлд онцолсон байна.

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 25-нд дээрэмчид Дрездений музейг цахилгаан эрчим хүчээр хангадаг станцыг шатаан, барилгын цонхоор дотогш нэвтэрсэн байна. Улмаар очир эрдэнэ зэрэг үнэт зүйлстэй эрдэнэсийн хайрцгийг хулгайлсан бөгөөд үүнээс үүдэх хохирол нь хэдэн тэрбум еврод хүрнэ гэж цагдаагийнхан мэдээлжээ.