КиберТрак Дубайн цагдаагийн машин болно

Дубайн цагдаагийн газар албан ёсоор КиберТракыг албаны машин болгохоор төлөвлөж байгаа хэмээн Арабын бизнес сэтгүүл мэдээлжээ. Мөн тус цагдаагийн газар твиттер хуудаснаа өөрсдийн тэмдэг бүхий КиберТракын зургийг "2020" гэж бичээд нийтэлсэн байна.

Харин уг машиныг зохион бүтээгч Тесла компаний гүйцэтгэх захирал Элон Маск лхагва гарагт КиберТрак 250 мянган захиалга хүлээн авсан талаар жиргэсэн юм.

Дубайн цагдаагийн дарга Абдулла Халифа Ал Марри Арабын бизнес сэтгүүлд шинэ цагдаагийн машинууд жуулчид ихээр зорчдог хэсгүүдийн амгалан тайван байдлыг найдвартай сахин хамгаалахад чухал үр дүнтэй хэмээн хэлжээ.

Дубайн цагдаагийн газар үүнээс өмнө ч дэлхийн хамгийн хурдан, тансаг Бугатти Вейрон, Ломборгини Авентадор тэргүүтэй машинуудыг цагдаагийн албаны хэрэгцээнд ашигладгаараа алдартай байсаар ирсэн билээ. Харин КиберТрак сансрын хөлгийн материалаар хийгдсэн бат бөх их бие, сум нэвтэрдэггүй цонх зэргээрээ цагдаагийн машин байхад тун тохиромжтой аж. Түүгээр ч зогсохгүй КиберТрак зогсоогоос 97км/ц хурдлах хүртэл гуравхан секунд зарцуулдаг бөгөөд зогсолтгүйгээр 804 км зам туулах чадвартай гэнэ.

Гэвч КиберТрак 2021 оны сүүлээр худалдаанд гарах гэж байхад Дубайн цагдаагийн газар хэрхэн дараа жилдээ уг машиныг авах гэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.