Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг Г.Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Халхын Хүрээний газрын бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд, Олон монголчуудыг илбэн тохинуулах сайд, Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна.

Энэ түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын 265 тоот тогтоол гарсан юм. Өнөөдөр Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Төрийн түүхийн музейд Г.Чагдаржавын хөргийг зална. Мөн түүний дурсгалыг хүндэтгэн гаргасан шуудангийн маркийг танилцуулах үйл ажиллагаа болно. 

1911 оны үндэсний хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, 1911 оны 11 дүгээр сараас Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын анхны дарга болж, үндсээ чөлөөлөх тэмцлийн утга учрыг олон түмэнд ойлгуулах, Халхын дөрвөн аймгаас цэрэг татах, Богдын лүндэнг монгол туургатанд хүргэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулжээ. Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхаглан зарлаж, Богд хаан хишиг тархан буулгасан зарлигтаа “Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт” үнэн санаагаар чармайн зүтгэсэн Түшээт хан аймгийн Засаг, улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран Түшээт цол, засаг төрийн жүн вангийн хэргэм, шадар сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шйитгэгч яамны тэргүүн сайд”-аар тохоон томилж, “дөрвөн үзүүрт чандмань бариул бүхий дөрвөн пүү, гурван ямх мөнгөн тамга” бариулан шагнажээ.

Мөн Г.Чагдаржав нь Сангийн яамны сайдаар ажиллахдаа улсын сан хөрөнгийг арвижуулах, төсвийн бүрдүүлэлтийг цэгцлэх, татварын тогтолцоо бүрдүүлэх, газрын хэвлийн баялгийг ашиглахад чармайн хүчин зүтгэжээ. Тэрээр Монгол, Орос хоёр улсын найрамдал ба хавсран тогтоох гэрээ, харилцан солилцсон бичгүүд болон Хаант Оросоос авсан зээлийн үндэслэлийг боловсруулах, нарийвчлан зарцуулахад оролцож байв. Мөн Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт хятадын хар цэрэгтэй нүүр тулгаран байлдсан таван замын цэргийн нэг чиглэлийг захиран тулалдаж байлаа. Сангийн яамны сайд Г.Чагдаржав 1915 оны зуны эхэн сар хүртэл Орос, Хятад, Монгол гурван этгээдийн хэлэлцээрт Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчдийн дэд тэргүүнээр оролцож, тусгаар улсынхаа байр суурийг тууштай хамгаалж байсан нь тус хэлэлцээрийн баримт бичгүүдээс тодорхой харагддаг. Гурван улсын хэлэлцээрийн дуусгаж ирээд, өвдөж, биеэ засуулах чөлөө гуйжээ. Богд хаан хүсэлтийг ёсоор болгосон боловч, тэр бээр Олноо өргөгдсөний 5 дугаар он долдугаар сарын 18-ны өдөр хан хорвоогоос халин оджээ.