ЧДЦ-ийн Нэгдүгээр хэлтэс

Цагдаагийн Ерөнхийн газраас "Ойлгоё хүндлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байгууллага, аж ахуй нэгж, иргэд маш идэвхтэй оролцлоо.

   Арга хэмжээний талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Нансалмаа: 

“Цагдаагийн Ерөнхий газраас “Ойлгоё, хүндлэе” арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээллээр хүргэх , хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг зөрчийг илрүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 онд нийтдээ 28599 гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг. 2018 оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар буурсан байгаа. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа далд аргаар үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл илэрхий түвшинд буурахгүй байгаа юм. Уг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл нь архидан согтууралт болон үл ойлголцлоос үүдэлтэй байдаг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар байна. Мөн дүүргийн бүхий л хороон дээр хамтарсан баг гэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг иргэдийг дүүргийнхээ хамтарсан багаар авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнд нөлөөллийн аргазүйн хэлбэрээр сургалт зохион байгуулдаг. Харамсалтай нь ийм төрлийн гэмт хэрэг төдийлөн ахицтай буурахгүй байна. Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг тодорхой хэмжээнд буураад байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн шинэ жил, Цагаан сарын баяр ойртож байгаатай холбоотойгоор залилангийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тиймээс энэ тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Залилангийн гэмт хэргийн гаралт хэр байна. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс тодорхой мэдээллийг өгөөч?

-Нийслэлийн прокурорын газраас “Залилах гэмт хэргийг шийдвэрлэх” гэдэг аяныг хоёр сарын хугацаанд зарлаж, зохион байгуулллаа. Прокурорын байгууллагын хувьд залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн харьяа дүүргийн нутаг дэвсгэрүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад яриа таниулга хийгээд явж байгаа. Өмнө нь залилангийн гэмт хэргийн дийлэнх хувийг виз гаргаж өгнө, гадаадруу зуучлана гэх үйлдлүүд эзэлдэг байсан бол сүүлийн үед цахим хэрэгслийг ашиглаж иргэдийг хуурч мэхлэх байдал голчилж байна.

Мөн иргэдийн фэйсбүүк, твиттер хаягийг ашиглаж таньдаг хүмүүсээс нь мөнгө зээлэх, интернэт банк ашиглаад төлбөр тооцоо хийсэн гэдэг байдлаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа. Тодруулбал, интернэт банк ашиглаж шилжүүлэг хийсэн.  Надаас зарлага гарсан гэх байдлаар иргэдийг залилах тохиолдол их гарч байна. Тэгэхээр таниас цахим хаяг ашиглан танил хүн чинь мөнгө санхүүгийн тусламж хүссэн тохиолдолд та заавал өөртэй нь утсаар холбогдож нягтлах, мөн таны дансанд орлого гэж мөнгө орж ирсэн тохиолдолд интернэт гүйлгээ хийсэн  хүндээ итгэх хэрэгтэй гэдгийг иргэддээ зөвлөе.

-Тэгэхээр өөрөөс нь зарлага гарчихлаа гэсэн мэссэж үзүүлээд залилангийн гэмт хэрэг үйлдээд байгаа гэсэн үг үү?

-Банк хооронд явуулж байгаа болохоор таньд орлогын мэдээлэл ирэхгүй байх шиг байна. Надаас бол зарлага гарсан гэдэг юм яриад залилангийн гэмт хэргээ үйлддэг. Нөгөөтэйгүүр, бусдын эзэмшлийн данс, картыг ашиглаж ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс баригдахгүй өнгөрдөг. Тухайлбал, би картаа хаячихсан юм. Та надад картаа хэрэглүүлээч гэдэг байдлаар гуравдахь ч хүний карт, дансанд мөнгөө оруулж аваад байгаа. Тэгэхээр өөрийн картаа танихгүй хүнд ашиглуулахгүй байх, мөн өөрийн дансанд орлого орсон эсэх сайтар нягтлах шаардлагатай байгааг иргэддээ анхааруулж байна.

Сэтгүүлч: Д.Ундрах