Гала тоглолтын орлого Л.Мөрдорж сангийн тэтгэлэг болно

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан  түүний ач нарын эрхэлдэг “Лувсанжамбын Мөрдорж” сан Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас шагналыг санаачлан 2020 оноос хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд олгохоор боллоо. Энэхүү тэтгэлгийг өнөөдөр 19.00 цагаас ДБЭТ-т болох “Л.Мөрдорж 100 жил” хүндэтгэлийн тоглолтын орлогоос гаргаж хөгжмийн зохиолч, ардын болон сонгодог хөгжмийн мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын консерватори, СУИС-ийн оюутнуудыг шагнах юм.

Монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэгч, Монголын анхны симфонийг бүтээгч Л.Мөрдоржийн хүндэтгэлийн тоглолтонд Монголын мэргэжлийн хөгжмийн бүтээлийн тэргүүн эгнээнд бичигдэх "Миний эх орон" симфони, "Алтан Өргөө" киноны хөгжим, “Цэнгэлийн эгшиг” үндэсний найрал хөгжим, “Эх орон” магтуу, “Хаврын шувууд” ёочингийн гоцлол, “Хөхөө намжил” дуурийн хэсгээс тоглоно. Мөн ардын дуу мэт нийтийн дунд түгсэн Дөрвөн цагийн тал, Бүүвэйл хорвоо, Намрын өнгө, Намуун байгаль, Түүхт хил , Хангайн дуу, Зөвлөлтийн дайчдын хөшөө , “Анхны алхам” киноны дуу Хунгийн дэгдээхэй, “Энэ хүүхнүүд үү” киноны дуу Буурал ээж минь зэрэг дуунууд тоглогдоно. Тоглолтонд Улсын филармоний симфони найрал хөгжим, Үндэсний Урлагийн Их Театрын үндэсний найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуу хөгжимчид, өнөө цагийн шилдэг дуучид оролцоно.