“Surprise U” хамтлагийн дуучин Ча Ин Ха хорвоог орхилоо

Өмнөд Солонгосын “Surprise U” хамтлагийн дуучин, "You, Deep Inside of Me", "Love With Flaws" киноны жүжигчин 27 настай Ча Ин Ха өчигдөр /2019.12.03/ гэртээ амьсгал хураасан байдалтай байхад нь түүний менежер олж, цагдаад мэдэгджээ.

Ийнхүү К-поп ертөнцөөс сүүлийн хоёр сарын хугацаанд гурван залуу хорвоог орхилоо. Тус улсын залуу дуучид, жүжигчид нэг ижил байдлаар нас барж байгаа нь энтертайнмент ертөнцийн өрсөлдөөнтэй, дарамт шахалт ихтэй байдал болон цахим орчинд тэднийг элдэв бусаар доромжилсны улмаас сэтгэл гутралд орж улмаар амиа егүүтгэхэд хүргэж байна гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа юм.

Одоогоор түүний хэргийг шалгаж байгаа ба ямар нэгэн гэрээслэл олдоогүй байна. Мөн түүний харьяалагддаг “Fantagio” энтертайнметийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлээд гэр бүлийнхнийг нь тайван байлгахын тулд элдэв худал цуу яриа тараахгүй байхыг шүтэн бишрэгчид, к-поп сонирхогчдоос хүссэн байна.