Монголд бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулж байна

Томуугийн улирал эхэлж, том жижиггүй л ханиад хатгаанд дарлуулчих гээд, настнуудынх хууч өвчин нь сэдэрч хөдлөөд л монголчууд бид хатуухан л байгалийн шалгаралттай тулгардаг. Бид эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд ихэнх нь эм хэмээх ид шидэнд өөрсдийгөө даатгадаг ч, эмийн үнэ хэмээх “мангастай” нүүр тулан шогшрох нь шогширч Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан цөөн тооны эмийг авах гэж дараалал үүсгэн дажин болохоо шахдаг шүү дээ.

Ийм байдлыг хөнгөвчлөх зорилгоор Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас (ЭМДЕГ)-аас эм ханган нийлүүлэх байгууллагуудын оруулж ирж буй эмүүдийн гаалийн бичигтэй танилцаж, даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмүүдийн дээд хягзгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхээ нимгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон боловч эмийн байгууллагууд эрх хүүхэд шиг урвалзаж, энэ шийдвэрээс эрс татгалзав. Үнэндээ эмийн компаниуд эдгээр эмийг оруулж ирээдиргэдээ огт бодохгүйгээр барахгүй, 20-30 хувь биш, бүүр 200-300 хувийн ашиг харж борлуулан “мөнгө цагаан нүд улаан” гэгчээр улайрдгийг ЭМДЕГ-аас тогтоогоод байхад л хэвлэлийн бага хурал зарлаж гүтгэлэг хийж байх жишээтэй. Мөнгөний төлөө ширэн нүүрлэнэ гэдэг л энэ байх.

Доод талын эмийн ашиг 90-100 хувь гэхээр тэдэн шиг амар хялбар бизнес хийж байгаа салбар одоогоор Монголд алга. Зөвхөн даатгалд хамрагддаг эмэнд нь л хязгаар тогтооход тэд ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхэллээ. Манай улсад хууль гууль болсны тод жишээ энэ. Мэргэжлийн хяналт нь эмийн компаниудын энэ бусармаг үйлдлийг зүгээр л нүдээ аниад өнгөрөөдөг. Тэгэхээр мөнгө хүчтэй байгаагийн шинж. Тэр шударга царайлаад сошиал энэ тэрээр томроод байдаг нөгөө НМХГ-ын дарга хүүхэн ажлаа хийж энэ мэт үйлдлийг зогсоож, иргэдийнхээ талд ажилламаар байна. Тэгээд энэ эмийн компаниудад ашиглагддаг, худалдагддаг хүмүүс нь эрүүл мэндийн салбарын акулууд байгаад байдаг нь үнэхээр харамсалтай. Ноднин жилийн өдийд интерферон эмийг хориглосонтой холбоотойгоор АШУҮИС-ийн захирал асан Батбаатар багш тэргүүтэй нөлөө бүхий таван доктор цээжээрээ хамгаалж тангаргаа умартсан байдаг.

Гэтэл энэ жил “Монфа” компанийн захирал, эм зүйн шинжлэх ухааны доктор Д. Цэндээхүү эмийн дээд хягаарыг эсэргүүцэж “Ийм хямдхан зарах боломжгүй” хэмээн бусдыгаа төлөөлөн ээлжит гүтгэлэг хийж, хэвлэлийнхнийг цуглуулан гэмгүй царайлав. Доктор Д.Цэндээхүү нь ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөлд ажиллаж мөн Мэргэжлийн хяналтын байгууллагад лабораторийн эрхлэгчээр ажиллаж эм үйлдвэрлэлд эрх олгож байсан бөгөөд тангаргаа умартан зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодон ард түмний эсрэг ийн мэдэгдэл хийлээ. Угнь иргэдийнхээ талд л ажиллах хэмжээний албан тушаал хашиж байсан байдаг юм. Тангараг өргөснийг нь ч бодсон, хашиж байсан албыг нь ч бодсон ард олны төлөө дуугарах ёстой ийм хүмүүс нь хувийн бизнесээ өргөжүүлэх гэж, мөнгөө арвижуулах гэж сөрөг мэдээ тараагаад эхлэхээр яах вэ.

Энэ удаагийн даатгалаар олгогдох эмийн жагсаалтыг ДЭМБ-аас ирсэн зөвлөмжийн дагуу ЭМДЕГ санал гаргаж, үндэсний зөвлөлтэйгээ хамтран шийдвэрт хүрсэн бөгөөд мэдээж, салбарын Сайд нь баталгаажуулан гарын үсэг зурсан. Энэ шийдвэр нь халаас нимгэн иргэддээ хямд эм авах боломжийг нээж өгсөн зөв шийдвэр байлаа.

Гэвч юуны тулд тэд ханцуй дотроо ийнхүү наймаалцах болов? Хууль нь гууль болсон Монголд мөнгө хүүлэгч компаниуд ингэж л зоргоороо авирлаж, дур мэдэн үнээ нэмдэг, зарахгүй гэж хааж боодог болчихож. Өвчилсөн нэгнээ өвчнийг нь далимдуулж,өөрсдийн тогтоосон өндөр үнэтэй эмээрдарамтлан халаасыг нь хоосолдог иймэрхүү компаниуд үлэмж олширчээ. Иргэд нь олигтойхон эм битгий хэл, хоногийн хоолны махаа ч авч хүчрэхгүй байхад, эмийн компаниуд нь ийнхүү даварч байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эмээ борлуулж байгаа тэд жинхэнэ мөнгө хүүлэгчид юм биш үү. Эднийг хэн зогсоож, хариуцлага тооцож, хяналт тавих вэ. Аль эсвэл, “Өвчин гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг зүйл” болохоор хожим бидэнд хэрэг болно гээд мэдсэн ч мэдээгүй юм шиг суугаад өнгөрөх үү.