Францад Венера бурхны 23 мянган жилийн настай баримал олджээ

Францын Амьен хотын Ренанкур дүүрэгт Эртний Ромын гоо сайхан, хайр дурлалын Венус /Венера/ охин тэнгэрийн М.Э.Ө. 40-12 мянган жилд хамаарах баримал олджээ.

Эрдэмтэд энэ олдвор маш сайн хадгалагдсан тул үнэтэй олдворын тоонд орно гэж үзэж байна. Дөрвөн см өндөр баримал Чулуун зэвсгийн сүүл үеийн Граветтийн урлагт хамаарах бөгөөд 23 мянган жилийн настай. Венус бурхны баримлын насыг шинжээчид цацрагт нүүрстөрөгчийн шинжилгээгээр  тогтоосон байна.

Барималтай цуг эрдэмтэд хэд хэдэн шавар эдлэл, хэрэгслийн хэлтэрхий олжээ. Эдгээр хэрэгсэл юун зориулагдсаныг одоогоор тогтоогоогүй ч археологчидийн үзэж буйгаар энэ газар тахилын эд хэрэгсэл урладаг урлан байсан байж магадгүй гэнэ.

Баримлыг шинжилсний дараа Францын Пикардийн музейд шилжүүлэх аж.

Европын газар нутагт энэ төрлийн олон зуун баримал олдож байжээ. Ихэнх нь Төв Европын газар нутагт олдож байсан бөгөөд Францад 15 ширхэг ийм төрлийн баримал олдож байжээ.

Граветтийн соёл нь М.Э.Ө. 28-21 мянган жилийн өмнөх чулуун зэвсгийн /палетолитийн үе/ сүүл үед хамаарах археологийн соёл юм. Францын баруун өмнөд нутагт байрладаг Ла-Граветт агуйн нэрээр нэрлэгдсэн бөгөөд 1930-аад онд энд тус эрин үеийг тодорхойлсон чулуун зэвсэг, ахуйн хэрэгслүүд олдож байсан юм.