МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний ертөнцийн аварга биет эзэд

  • 2,126 уншсан
  • 4
  • 2015/02/16

Эрт галавын цагт энэ дэлхий маань өөр эзэдтэй байжээ. Тэд бол үлэг гүрвэлүүд (динозаврууд) юм. Эдгээр нууцлаг амьтад одоогоос хэдэн арван сая жилийн өмнө хуурай газар болон далай тэнгис, агаар мандлыг тэр аяар нь эзэгнэж байв. Тэднээс өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн нь зөвхөн чулуужсан яс, өндөг гэх мэт зүйлс боловч ийм олдворууд дэлхийн өнцөг булан бүрээс олддог байна. Хамгийн анх хүмүүс үлэг гүрвэлийн ясыг олж хараад ямархуу цочролд орж байсан нь “динозавр” хэмээх үгэнд тусгалаа олсон бололтой. 1842 онд Английн эрдэмтэн Ричард Оуэн (Richard Owen) грек хэлний “дейнос” (“deinos” - “аймшигтай”), “саврос” (“sauros” - “мөлхөгч”) гэдэг үгнүүдийг нэгтгэж энэ нэрийг гаргажээ. Гэхдээ мэдээж бүр өмнө нь ч хүмүүс үлэг гүрвэлийн ясыг олж байсан байж таарна. Тиймээс л үлгэр домогт луу хэмээх амьтан гардаг биз ээ.

Төрөл, зүйл

Том, жижиг, гүйдэг, харайдаг гээд маш олон янзын үлэг гүрвэл амьдарч байжээ. Өнөөгийн байдлаар лав л 500 гаруй төрөл, түүнээс ч олон зүйлийг олж тогтоогоод байна. 2-3 сар тутам шинэ олдвор олддог.
Үлэг гүрвэлийн эрин үед хуурай газар нь одоогийнх шиг олон тивд хуваагдаагүй, Пангей (Pangaea) хэмээх нэг том супер тивийг бүрдүүлж байжээ. Тиймээс Дэлхийн уур амьсгал ч одоогийнхоос илүү дулаан, зөөлөн байв. Энэ нь олон төрөл, зүйлийн үлэг гүрвэл үүсч, амьдрах таатай нөхцөл болсон ажээ.
Хамгийн ерөнхийд нь үлэг гүрвэлийг идэш тэжээлийн хэлбэрээр нь өвсөн тэжээлт ба махчин гэж хоёр ангилдаг байна.

Үлэг гүрвэл vs Хүн

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Аварга өвсөн тэжээл үлэг гүрвэлийг хүнтэй харьцуулбал нэг иймэрхүү.

Үлэг гүрвэлийн эрин үе

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Үлэг гүрвэлүүд Дэлхий дээр амьдарч байсан цаг үеийг геологийн шинжлэх ухаанд Дундад Төрмөлийн Эрин (Mesozoic Era) гэх бөгөөд 250 шахам сая жилийн өмнөөс эхэлж, 180 гаруй сая жилийн туршид үргэлжилж 65 сая жилийн өмнө төгсгөл болжээ. Дотор нь гурван үед хуваан авч үздэг байна. Эхний 40 гаруй сая жилийг Триасын галав (Triassic period) хэмээн нэрийднэ. Дараачийн 60 сая жилийг Юрийн галав (Jurassic period) гэнэ. Үлдсэн 80 сая жилийг Цэрдийн галав (Cretaceous period) хэмээн нэрийнэ.

Хамгийн том үлэг гүрвэл - Аргентинозавр

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хуурай газрын хамгийн том үлэг гүрвэлүүд нь Юрийн галавын сүүлээр болон Цэрдийн галавын үед амьдарч байсан өвсөн тэжээлтнүүд юм. Эдгээр нь аварга том биетэй, урт хүзүүтэй, урт сүүлтэй, удаан хөдөлгөөнтэй, жижиг толгойтой амьтад бөгөөд хуурай газар дээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан амьтдаас хамгийн том нь билээ. Тухайлбал аргентинозавр (Argentinosaurus) хэмээх үлэг гүрвэл одоо мэдэгдэж байгаагаар хамгийн том нь бөгөөд 35-40 м урт, 80-100 тонн жинтэй байжээ. Түүний ясыг Аргентинаас олжээ.

Паралититан

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хэмжээгээрээ удаалах үлэг гүрвэлийн ясыг Египетээс олсон байна. Энэ нь паралититан (Paralititan) хэмээх динозавр юм. Паралититан 24-30 м урт, 65-80 тонн жинтэй байжээ.

Хамгийн том махчин үлэг гүрвэл - Гиганотозавр

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хуурай газрын хамгийн том махчин үлэг гүрвэлүүд Цэрдийн галавт амьдарч байв. Эдгээр нь хоёр хөлт гүрвэлүүд юм. Цэрдийн галавын сүүлээр амьдарч байсан гиганотозавр (Giganotosaurus) 13-14 м урт, 6-8 тонн жинтэй байжээ. Зөвхөн гавлын яс нь 1.8 м хүртэл урт гээд бод доо. Түүний ясыг Аргентинаас олсон байна.

Тиранозавр T-Rex

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Мөн адил үед амьдарч байсан тиранозавр (Tyrannosaurus) хэмээх махчин үлэг гүрвэлийн яс Хойд Америкаас олдсон байна. Бие нь хэмжээгээр гиганотозаврын дараа орох бөгөөд 12-13 м урт, 4,5-5 м өндөр, 5 тонн хүртэл жинтэй байв. “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” (“Jurassic Park”) хэмээх киног санаж байна уу? Тэнд гардаг аварга том махчин динозавр бол тиранозавр юм байна. Сонирхолтой нь киног бүтээгчид цаг хугацааны хувьд алджээ. Тиранозавр нь Юрийн галавт биш харин Цэрдийн галавт амьдарч байв.

Монголын Тарбозавр Баатар (Tarbosaurus Bataar)

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Тиранозавртай нэг овгийн тарбозавр (Tarbosaurus) хэмээх үлэг гүрвэлийн яс Монголын говиос олдсон юм. Зарим судлаачид Хойд Америкийн тиранозаврыг Монголын тарбозавраас гаралтай (эсвэл эсрэгээрээ) гэж үздэг байна. Биеийн үзүүлэлтийн хувьд тарбозавр нь тиранозавртай ойролцоо бололтой. Манай эрдэмтдийн нийлүүлж босгосон тарбозаврын бүтэн араг ясыг та Төв Музейд үзэж болно. Мөн өөр нэг Тарбозавр Батаарын ясыг саяхан АНУ-аас Монголд эргүүлэн авчирсан билээ.

Хамгийн өндөр үлэг гүрвэл

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хамгийн өндөр үлэг гүрвэл нь одоо мэдэгдэж байгаагаар бол зауропосейдон (Sauroposeidon) хэмээх өвсөн тэжээлт динозавр юм. Түүний өндөр нь ойролцоогоор 18 м, жин нь 60 тонн хүрч байжээ. Яс нь АНУ-аас олдсон байна. Зауропосейдон нь Цэрдийн галавын дунд үед амьдарч байжээ.

Хамгийн жижиг үлэг гүрвэл - Микрораптор

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хамгийн жижиг үлэг гүрвэл бол одоо мэдэгдэж байгаагаар микрораптор (Microraptor) хэмээх махчин динозавр гэнэ. Микрораптор нь ойролцоогоор 55-77 см урттай байжээ. Амьдарч байсан цаг хугацаа нь Цэрдийн галавын эхэн үе. Яс нь Хятадаас олдсон байна.

Хамгийн хөнөөлт үлэг гүрвэл

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хамгийн төгс анчин бол гиганотозавр, тиранозавр мэтийн аварга махчингууд биш харин Цэрдийн галавын сүүлээр амьдарч байсан мегараптор (Megaraptor) хэмээх махчин үлэг гүрвэл юм. Түүний биеийн урт 6-8 м. Хэдийгээр гиганотозавртай харьцуулахад жижиг биетэй боловч хүнтэй харьцуулах юм бол аварга том. Мегарапторын нэг онцлог бол хоёр хөлийнхөө нэг нэг хуруунд маш том (35 см) хумстай байв. Түүнчлэн уян налархай хүзүү, маш хүчирхэг эрүү, хөрөө шиг шүднүүдтэй байв. Сүргээрээ ан хийдэг байжээ. Маш хурдан.

Хамгийн сенсацитай олдвор

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хамгийн сенсацитай олдвор 1971 онд Монголын говиос илэрчээ. Энэ нь өөр хоорондоо амь өрсөн тэмцэлдэж, зууралдсан байдалтайгаар олдсон үлэг гүрвэлүүдийн яс юм. Велоцираптор (Velociraptor) хэмээх махчин үлэг гүрвэл протоцератопс (Protoceratops) хэмээх өвсөн тэжээлт үлэг гүрвэлийг довтолж байгаад хоёул амьдаараа газарт булагдаж, хадгалагдан үлдсэн нь тэр аж.

Велоцираптор vs Протоцератопс

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Яснуудын зууралдсан байдлыг үзвээс, велоцираптор нь протоцератопсын доор орсон байгаа бөгөөд толгойноос нь зүүн гараараа зуурч, хөлийнхөө аварга хумсыг гэдсэнд нь шигтгэсэн, харин протоцератопс нь велоцирапторын баруун гарыг амандаа сайтар гэгч нь зуусан байжээ. Энэ бол маш сонирхолтой, ховор олдвор юм.

Велоцираптор

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Протоцератопс

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Мөхөл

Эртний ертөнцийн аварга биет эзэд

160 сая жил үргэлжилсэн үлэг гүрвэлийн эрин үе Цэрдийн галавын эцэст, 65 сая жилийн өмнө төгсгөл болсон байна. Чухам юунаас болж үлэг гүрвэлүүд мөхсөний нууц нь одоо болтол тайлагдаагүй. Энэ талаар олон янзын онол, таамаг бий.

Хамгийн магадлал өндөртэй таамаглал - Астериод?

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Хамгийн магадлангуй нь гэвэл, Дэлхий дээр астероид (бага гараг) унаж, түүнээс шалтгаалан уур амьсгалын маш их өөрчлөлт гарсан, үлэг гүрвэлүүд энэ өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй учраас мөхсөн гэсэн онол юм. Энэ таамаглалыг 1980-аад онд АНУ-ын нобелийн шагналт физикч Луис Альварес (Luis Alvarez) болон түүний хүү геологич Уолтер Альварес (Walter Alvarez) нар анх дэвшүүлжээ.

Луис Альварес

Эртний ертөнцийн аварга биет эзэд

Тэдний тооцоогоор Дэлхийтэй мөргөлдсөн астероидын диаметр 6-15 км байсан гэнэ. Хэрэв тийм бол мөргөлдөөний ул мөр байх ёстой. Эрдэмтэд хоёр боломжит газрыг онцлоод байна. Нэг нь одоогийн Мексик улсын Юкатаны хойгийн төгсгөлд орших 180 км өргөн, 1.6 км гүнзгий Chicxulub хэмээх тогоо. Нөгөө нь Аравийн тэнгисийн ёроолд байрлах Shiva хэмээх тогоо. Ер нь бол хааш хаашаа бараг 600 км ба 450 км үргэлжилсэн хэмжээтэй, 12 км гүн хонхор байх ёстой ажээ. Ийм “оромыг” 40 км-ын диаметртай бие л үлдээнэ.

Эх сурвалж: http://altaixangai.blogspot.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний ертөнцийн аварга биет эзэд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • batuk 2015/08/07
    hamgiin tom mahchin dinosaursiig Giganotosaurus gene uu LOL, Spinosaurus bol hamgiin tom , hamgiin urt mahchin dinosaurs shu de

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/21
    Тэр аргентинозавр гэдэг чинь уг нь Өмнөговийн Нэмэгтийн нуруунаас олдсон Нэмэгтозавр юм байгаам даа.

    0 0 Хариу бичих
  • ul-medeh 2015/02/17
    Hamgiin tom mahchin dinosaur spinosaurus shdee. 15-18 m urt.

    2 0 Хариу бичих
    • Goldie 2015/02/17
      Таны зөв өө. Энд хамгийн том махчин үлэг гүрвэлийн талаарх мэдээлэл 2007 оноос өмнөх хэлбэрээр явж байна.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох