Ирэх оноос давхар автобус, 1000 таксиг үйлчилгээнд явна

Нийслэлийн нийтийн тээвэр олныг бухимдуулаад удаж байгаа. Тиймдээ ч 2020 оноос нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхлэхээр болоод юм байна. Энэ хүрээнд 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулж, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр зэхэж байна.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн мэдээлснээр, зөвшилцөл амжилттай болбол ирэх хавраас “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг эхлүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байгаа гэдэг. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд арваннэгдүгээр дүгээр сарын байдлаар бүгд 90 хувиас дээш үнэлгээтэй гарчээ. Тэдэнтэй гэрээ сунгах үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа гэдэг ч үүнээс илүү хугацаагаар автобус хүлээдэг гэдгээ иргэд хэлж, бухимдаж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч буй утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх зэрэг 18 санал ирүүлжээ.