Монгол эмч нар ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДЛЫГ анагааж эхэллээ

Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан ба уг тоног төхөөрөмжөөр хангаснаар өөрийн оронд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний  жагсаалтыг 2015 оны ЭМСС-дын 119 дүгээр тушаалаар баталсан. Үүний нэг нь Монгол Улсын иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтын Г-13-д заасан зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчилж эхэллээ.

Ш.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын тушаалаар Эрүүл мэндийн салбарт анхны “Зүрхний хэм судлалын үйл ажиллагааны мэргэжлийн баг” томилогдон үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан юм.

Үүнээс хойш таван сарын дараа буюу долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд зүрхний хэм алдагдалтай 20-68 насны 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 өвчтөнд Монгол эмч, мэргэжилтний баг Зүрхний хэм алдагдлын үеийн Электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийжээ.

Эмчилгээний зардлын хувьд: Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8,000-30,000 ам.доллар шаардлагатай байдаг.

Харин өөрийн эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10-15 сая төгрөг зарцуулжээ.

Нийт зардлын нэг иргэнд 8.0 -13,0 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн байна. Ингэснээр нэг эмчлүүлэгч эмчилгээндээ өөрөөсөө дундажаар 1.7-3.0 сая төгрөгийн зардал гаргажээ. Энэ нь тухайн иргэн түүний ар гэрт эдийн засгийн маш их дэмжлэг болж байгаа юм.