Сэлэнгэ аймгийн багш Ц.Аюуш 100 сая төгрөгийн эзэн боллоо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш "Би багш" нэвтрүүлгийн ялагч болж 100.0 сая төгрөгийн эзэн боллоо.

Тэрээр ийнхүү олон сарын нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эрхэм шагналын эзэн болжээ. Монгол Улсын шилдэг багш Ц.Аюуш:”Багш хүн өөрөө маш зөв хүн байх ёстой. Бага ангийн хүүхдүүдэд амьдралын хамгийн анхан шатны суурь мэдлэгийг зааж өгч байгаа учраас хичээлдээ ч амьдралын зүйлсийг ч зөв таниулж, өөрөө үлгэрлэн зааж өгдөг байх ёстой. Багш хүний хамгийн сайхан зүйл бол шавь нар нь сайн явахад түүнийг хараад баярлах. Манай ангиас 4 хүүхэд улсын олимпиадаас алтан медаль авахад маш их баярласан” хэмээн ярьж байв.

Ц.Аюуш багшийн арга барилын нэг онцлог нь хүүхэд болгонд давуу тал бий, түүн дээр нь суурилан хүүхдэд сурах хүсэл сонирхлыг нь сэргээгээд өгөхөд ямар ч хүүхэд сурч чаддаг гэж үздэг байна. Энэ нь хүүхдэд итгэл, зорилго, тэмүүллийг сургалтаараа дамжуулан өгч чаддаг чадвар юм. Эдний ангийнхан завсарлагаанаар алжаал тайлах дасгалыг 3 жил дараалан тогтмол хийж байгаа гэнэ. Түүний ажиллаж байгаа Мандал сумын 3-р сургуулийн бага ангид нийт 826 суралцагч сурч, тэдэнд 24 мэргэжлийн багш хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Ц.Аюуш багш аж. Тус сургуулийн бага ангийн багш нар хэрэглэгдэхүүнээр дамжуулж, хичээлийн агуулгыг хүүхдүүдэд ойлгуулдаг онцлогтой ажээ.

Монгол Улсын шилдэг багш болсон тэрээр ирж буй 2020 оны 10 дугаар сард Англи улсын Лондон хотноо болох “Дэлхийн шилдэг багш” уралдаанд оролцох аж.