“Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан "Монгол дээлээрээ гоёцгооё" аян өрнүүлэв.

Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилттай хийгдэж байгаа хэдий ч хэрэглээний цар хүрээ хязгаарлагдмал байсаар байна. Тиймээс өдөр тутмын бодит хэрэглээг албан ёсоор бий болгон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхээр тус газраас Үндэсний хувцасны өдөртэй болох санаачилга нь улс орон даяар нэвтрүүлэхээр судалгаа хийж буй аж.

ХХААХҮЯамны албан хаагчид 5 хоног үндэсний хувцсаараа гоёх аянд идэвхтэй хамрагджээ.

Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчид үндэсний дээлийн загвар дизайныг боловсронгуй болгон, инновац шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, үндэсний дээлийг өдөр тутмын, гоёлын, гадуур хувцасны гэх мэт нэр төрлөөр өрхийн үйлдвэрлэгчээс эхлэн захиалгат хувцасны төв, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байна.

2018 оны байдлаар 18,327 дээл, тэрлэг үйлдвэрлэжээ. Дундаж үнийг 150 мянган төгрөг гэж тооцвол 2.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1.2 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.