ДЭМБ томууны халдвараас сэргийлэхийг уриалжээ

Хүйтний улиралтай холбоотойгоор дэлхийн бөмбөрцгийн умард хагаст томуугийн дэгдэлт ихэсч байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ санаачилга гаргаж, томууны халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохиох байгуулах нь чухал гэдгийг анхааруулжээ. Томуу бол томууны вирусээс үүдсэн нэгэн зүйлийн амьсгалын замын халдварт өвчин бөгөөд голдуу халуурах, толгой өвдөх, ханиалгах, булчин болон үе мөч өвдөх шинжээр илэрдэг байна. ДЭМБ-ын сайтад танилцуулснаар, дөхөм хялбар 5 алхмын төлөвлөлт нь томууны халдвараас сэргийлэхэд нэлээд тустай, тэдгээрийн дотроос томууны вакцин тарих нь урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга зам юм гэжээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, жил бүр томуунаас сэргийлэх вакцин тарих нь томууны халдвараас өөрийгөө хамгаалах, түүнээс үүдэх хүндрэлийн нөлөөнөөс зайлсхийх үр ашигтай арга зам юм байна. Вакцин тарих нь өөр өөр үе шатанд байгаа жирэмсэн бүсгүйчүүдэд онцгойлон чухал гэдгийг мөн онцолж буй юм. Томууны вакцин тарих нь сөрөг нөлөөтэй эсэхэд маш олон хүн эргэлздэг. Үүнтэй холбогдуулан ДЭМБ мэдэгдэлдээ, томууны вакцин танд томууны халдвар үүсгэхгүй, вакцин тарьсны дараа толгой өвдөх, халуурах нь хэвийн илрэл бөгөөд ердөө 1-2 өдөр үргэлжилнэ гэжээ.

Вакцин тарихаас гадна байнга гараа угаах, өөрийн нүд, хамар, амаа тэмтрэхээс зайлсхийх, томууны халдвартай өвчтөнөөс хол байх, хэрэв бие таагүй байвал гэртээ байх зэрэг дөрвөн алхам нь томуунаас урьдчилан сэргийлэхэд маш тустайг ДЭМБ онцолжээ.

ДЭМБ-ын танилцуулснаар, гарын ариун цэврийг сайтар сахих нь томуу зэрэг олон зүйлийн халдвар авахаас сэргийлж болох бөгөөд өөрийгөө болон гэрийн хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах дөхөм хялбар арга юм. Томууны вирус зонхилон нүд, хамар, амаар хүний биед орох магадлалтай бөгөөд гарын ариун цэврийг хангаснаар дамжин халдварлах эрсдэлийг багасгаж болно гэдгийг анхааруулжээ. Томуу бол маш хүчтэй халдварладаг, хүн ам нягт газарт, жишээлбэл үзвэрийн газар, тээврийн хэрэгсэл, сургууль зэрэг олон нийтийн газарт хурдацтай тархдаг. Тиймээс хэрэв томуугаар өвчилсөн тохиолдолд аль болох гэртээ байж, ажил буюу хичээлд явалгүй өөрийгөө тусгаарлах нь томууны халдвар дэлгэрэхээс сэргийлэхэд тустай гэдгийг ДЭМБ зөвлөмж болгосон байна.