Фитнессээр хичээллээд, улиралд 60 мянган төгрөг авна

Оны өмнөхөн эрүүл мэндийн даатгалтай иргэд 13 спортын клубт хөнгөлөлт эдлээд идэвхтэй хөдөлгөөнд хамрагдах боломжтой болсон. Уг хөнгөлөлт яг хэдийнээс хэрэгжиж эхлэх, иргэд ямар шалгуур хангаж, яаж хамрагдах талаар бид холбогдох газраас тодрууллаа.

Эрүүл мэнд болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын хамтарсан тушаалаар 2019 онд спортын клубыг магадлан итгэмжлэх журам баталжээ. Энэ хүрээнд магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, улмаар нийслэлд найм, хөдөө орон нутагт таван клуб тэнцсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын байгуллага өнгөрсөн онд 2100 гаруй байгууллагатай даатгалын гэрээ байгуулжээ. Одоогоор гэрээгээ дүгнэх шатандаа явж буй. Үүний дараа 2020 оны даатгалын гэрээгээ хийж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн фитнесс клубт хичээллэх эрх нь даатгалын гэрээ байгуулж дууссаны дараа буюу нэгдүгээр сарын 20-н гэхэд нээгдэх аж.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2019 онд даатгуулагч ямар шаардлага хангаж энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой вэ гэдгийг журамлаж өгсөн. Уг журмын дагуу тавьж буй шаардлага бол тухайн иргэн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг байх ёстой. Ийм тохиолдолд даатгуулагч даатгалын сангаас улиралд 60 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой. Өөрөөр хэлбэл, сард 20 мянган төгрөг гэсэн үг. Ингээд эрхээ авсны дараа даатгуулагч гурван сарын хугацаанд 24-өөс доошгүй удаа, нэг удаадаа нэг цагаас багагүй хугацаагаар спортын үйл ажиллагаанд хамрагдсан тохиолдолд бид уг урамшууллыг үргэлжлүүлээд олгох юм. Ер нь бол идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор нэг сар хичээллээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс гурван сар гэсэн шалгуурыг тавьжээ.