Хүн ам, орон сууцны тооллого 9-нөөс эхэлнэ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд орон даяар болно. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан бөгөөд тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулах юм байна.

Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд иргэдийн аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн арван жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгодог байна. Иргэд өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос уриалжээ.