Хятадад үл мэдэгдэх вирусээр 44 хүн халдварлажээ

Хятадын төв бүсийн Ухань хотод үл мэдэгдэх вирусны халдварт өвчин гарсныг тус улсын эрх баригчид шалгаж эхэлжээ.

Нийтдээ 44 хүн уг халдвараар өвчлөөд байгаагаас 11 хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан өчигдөр мэдээлсэн байна.

Халдварыг SARS (Severe Acute Respiratory Syndrome) хэмээх аюултай өвчин байж магадгүй гэсэн таамаг Хятадын сошиал ертөнцөд тарсан байна.

Ханиад томуутай төстэй SARS халдварт өвчин 2002 онд дэлхий даяар тархахад 700 гаруй хүн амиа алдаж байв. Тухайн үед уг өвчин Хятадаас анх тарж байжээ.

Ухань хотын эрүүлийг хамгаалах газраас гаргасан мэдэгдэлд одоогоор хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй гэжээ. Мөн өвчилсөн хүмүүсийн дотор тус хотын далайн хүнсний захад ажилладаг хүмүүс хэд хэд байгаа тул захыг ариутгах арга хэмжээг авсан байна.