Тэтгэврийн зээлийг зургаан сараар олгодог болно

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид 2020 оны сонгууль нь олон мандаттай томсгосон тойргоор явна гэсэн. Олон мандат гэж хоёр ба түүнээс дээш мандат гэж ойлгож байгаа. Тийм учраас нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоог нэмж, хоёр болгоно. Нийслэл хотын мандатын тоог цөөлнө. 2012 оноос өмнө нийслэлийн мандатын тоо 20 байсан. 2016 онд 28 болгосныг буцаагаад хуучин хэвд нь оруулж байгаа.

Тэтгэврийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг сонслоо. Нэгдүгээрт, зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлийг тэглэнэ. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй иргэд үлдсэн зээлээ өөрсдөө төлнө. Нийт тэтгэврийн зээлтэй 230 мянган хүний 91.6 хувь нь зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байгаа. Зээлгүй 192 мянган хүн бий. Зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно. Тэтгэврийн зээлийг байхгүй болгохоо больё гэж шийдсэн. Гэхдээ тэтгэврийн зээлийг зургаан сараас хэтрүүлэхгүй байх шийдэлд хүрсэн” гэв.