Хөгжлийн бэрхшээлтэй М.Гантулга “Монголын мистер”-т оролцоно

Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө ялж, олон хүнд итгэл, найдвар бэлэглэн, үлгэрлэж яваа тамирчдын нэг нь Мөнхсүрэнгийн Гантулга.

Дорноговь аймгийн харьяат тэрбээр өнгөрсөн жил Индонезид болсон, 53 дахь удаагийн Азийн АШТ-ий хөгжлийн бэрхшээлтэй буюу пара ангилалд Монголоос анх удаа оролцохдоо медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан юм.

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 2019 оны шилдэг тамирчин, Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” шагналын эзэн М.Гантулга өнөө жил бодбилдинг, фитнессийн “Монголын мистер” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэрбээр “Монголын мистер” тэмцээний тусгай ангилалд өнгөрсөн жил түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртсэн.

Улмаар 2019 онд Монголын бодибилдингийн спортын түүхэнд Азийн АШТ-д төдийгүй олон улсын тэмцээнд өрсөлдсөн Монголын анхны пара тамирчин болсон юм.