Оросын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин гэж хэн бэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр парламентад уламжалт илтгэл тавих үеэрээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тодорхой саналуудаа танилцуулжээ. Тухайлбал, парламентын бүрэн эрхийг нэмэгдүүлж, хууль тогтоогчид гүйцэтгэх засаглалийн тэргүүнийг нэрлэх, томилох эрхтэй болох юм. "Энэ нь парламент болон парламентад суудалтай намуудын үүрэг, Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, хараат бус байдлыг нэмэгдүүлэх болно" гэж Путин хэлэв.

Энэ саналтай холбогдуулан Д.Медведев тэргүүтэй ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдлээ. "Засгийн газар төрийн тэргүүнд шаардлагатай шийдвэр гаргах бүх боломжийг олгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдөл өгч байна” гэж Д.Медведев Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны татварын албаны дарга Михаил Мишустиныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн саналаа Төрийн думд хүргүүлэв. Пүрэв гарагийн үд дунд түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Дум авч хэлэлцэх юм.

 Михаил Мишустин өчигдөр Дум дахь намын төлөөлөл, фракцуудтай уулзсан бөгөөд тэднээс дэмжлэг авах нь тодорхой болоод байгаа юм.

В.Путины гаргаж тавьсан "гэнэтийн хөзөр" Михаил Мишустин гэж хэн бэ?

1966 оны гуравдугаар сарын 3-нд Москва хотноо төрсөн тэрээр 1989 онд Москвагийн суурь машин төхөөрөмжийн дээд сургуулийг “Системийн техник инженер" мэргэжлээр дүүргэсэн. Улмаар сургуульдаа аспирантурт 1992 оноос суралцжээ. Мөн Плехановын  нэрэмжит Оросын эдийн засгийн академид “Орос дахь улсын татварын засаг захиргааны механизм” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Харин эдийн засгийн ухааны докторын зэргийг ОХУ-ын Засгийн газрын  дэргэдэх Ардын аж ахуйн академид “Оросын эд хөрөнгийн татварын стратегийн бүтцийг бүрдүүлэх нь” сэдвээр хамгаалсан байна.

Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус олон улсын компьютерын клубт Михаил Мишустин 1992 оноос ажиллаж эхлэн 1995 он хүртэл тестийн лабораторийн захирал, 1995-1996 онуудад Ерөнхий захирал Левон Амдиляны орлогч, 1996-1998 онуудад Олон улсын компьютерын клубын захиргааны даргаар ажиллаж байв.

1998 онд ОХУ-ын татварын албаны дарга Борис Федоровын татвар төлөлтийн хяналт ба тооцооны мэдээлийн системийн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад 1998 оны наймдугаар сарын 22-ноос Татварын албаны даргын орлогчоор ажиллав.

Улсын татварын албаны бааз дээр 1998 оны арванхоёрдугаар сарын 23-наас Татвар татах, цуглуулах яамыг байгуулжээ. 1999 оны гуравдугаар сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл  Мишустин энэ яамны орлогч сайдаар ажиллалаа. Харин 2004 оны гуравдугаар сарын 22-ноос 2006 оны  арванхоёрдугаар сарын 18 хүртэл Үл хөдлөх хөрөнгийн кадастрын холбооны агентлагийн тэргүүнээр ажилласан байна.

2006 оны  арванхоёрдугаар сарын 18-наас 2008 оны хоёрдугаар сарын 29 хүртэл Михаил Мишустин Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааг удирдав. 2008-2010 онуудад  UFG Capital Partners компанийн Ерөнхийлөгч, UFG Asset Management компанийн удирдагчаар ажиллан бүс нутгийн бизнесийн хөгжлийн асуудлыг эрхэлж байв. 

2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас ОХУ-ын Татварын холбооны албаны удирдагчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Түүнийг дарга байх хооронд тус албанд инноваци, орчин үеийн технологи идэвхтэй нэвтэрч эхэлсэн юм. 2010 онд ХТА нь нэгдсэн төсөвт 7.7  их наяд рубль оруулсан бол 2018 онд тэр нь 2.76 дахин нэмэгджээ.

2013 оны аравдугаар сараас Михаил Мишустин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Татвар ба татвар тогтоох факультетын шинжлэх ухааны удирдагчаар давхар ажиллаж байна.Мөн “Оросын улсын татварын захиргааны мэдээлэл, технологийн үндэс” нэртэй бүтээлийг (2005) зохиогч.

Мөн Хоккейн ЦСКА клубын ба Оросын хоккейн холбооны хяналтын зөвлөлд багтдаг Мишустины орлого  2018 оны мэдүүлэгээр 18 сая 993 мянган рубль бол эхнэрийнх нь орлого 47 сая 709 мянган рубль гэж бүртгэгдсэн байна.

ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй (2010). Хүндэт одон (2012), "Эх орны төлөө зүтгэсний төлөө" IV зэргийн одонгоор (2015) тус тус шагнагдсан аж.

Гэр бүлтэй, гурван хүүтэй. Хоккей сонирхож, төгөлдөр хуур тоглох хоббитай гэнэ.