Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын захирагч С.Амарсайхан "Хоггүй орчин" ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өгчээ.

Тэрбээр “Албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. Дүүргүүдэд явж ажиллахад гудамж талбай хогондоо дарагдсан, энд тэнд хур хогийн цэг үүссэн байдалтай  байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлаа гудамж талбайгаараа явж ажлаа хийх хэрэгтэй. Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан, эсвэл хавар намрын их цэвэрлэгээ хийх байдлаар хог цэвэрлэгээний асуудалд ханддаг биш, өдөр бүр амьдарч буй газар орчмоо цэвэрлэж хэвших ёстой. Дүүргийн дарга нар цэвэрлэгээ, ТҮК-ийн компаниудын ажлыг шахаж, хяналтаа тавьж ажилла. 2020 оныг стандарттай  жил болгон зарласан ч  хогондоо дарагдсан байна. Хогоо цэвэрлэж чадахгүй байж бид стандарт ярих боломжгүй. Тиймээс өнөөдрөөс эхэлж Захирагчийн ажлын алба, дүүрэг хороодын Засаг дарга нар, ТҮК-ийн удирдлагуудтай хамтарч төвийн зургаан дүүргээр явж ажилла. Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла” гэв.