МЭДЭЭ НЭМЭХ  

Үс бууралтах тухайд

  • 4,165 уншсан
  • 1
  • 2015/03/05

Буурал үс бол таны юу гэж бодохоос үл шалтгаалан тохиолддог, амьдралын гарцаагүй учрал юм. Үс бууралтдаг шалтгааныг одоогоор бүрэн тайлж чадаагүй байна.



Үс яаж цайдаг вэ?

Үсний үндсэн өнгө цагаан. Бидний арьсны өнгийг тогтоож байдаг будагч пигмент болох меланин үсийг янз бүрийн өнгөтэй болгодог. Меланины 2 төрөл: эумеланин (хар, хар хүрэн), феомеланин (шар) хосолж үсийг өнгөжүүлнэ. Хөгшрөх үед үсэнд очих меланины хэмжээ багасан удааширснаар  үс үндсэн цагаан өнгөөрөө харагддаг гэсэн онол бий.


Үс дотроосоо өнгөө алдах тохиолдол гардаг

Үсний эсэнд устөрөгчийн хэт исэл хуралдсанаас болж үс дотроосоо өнгөө алдаж болохыг туршлага нотолжээ. Хэвийн нөхцөлд үсэнд байх устөрөгчийн хэт ислийг каталаз зохицуулж, хүчилтөрөгч ба ус болгон задалж байдаг. Нас ахих тусам бие организмаас ялгарах каталаз багасаж хэт исэл хурснаар меланин ялгаралтыг түгждэг ажээ.


Бууралтах нь гентэй холбоотой

Төрөх үед л үс тань хэдийд хэрхэн бууралтах нь программчлагдчихсан байдаг. 30 хүрээгүй насандаа бууралтах нь хүмүүсийн гэр бүлийн онцлог болсон тохиолдол ч бий. Ихэнх хүмүүс дунд зэргийн настай болж ирээд л бууралтдаг. Судлаачид 50/50/50 гэсэн онолыг гаргажээ. Энэ нь хүн амын 50% нь 50 орчим насандаа 50% бууралтдаг гэсэн үг юм.



Арьсны өнгө бас чухал үүрэгтэй

Цагаан арьстнууд эрт буюу 30 дөнгөж гараад л бууралтах хандлагатай бол азийнхан 30 хол гарсан хойноо, африк гаралтнууд 40 гарсан хойноо бууралтаж эхэлдэг байна.


Хэрэв та нэг буурал үс зулгааж авбал оронд нь бүр олон буурал үс ургахгүй

Энэ бол хүмүүсийн итгэдэг худал төсөөлөл юм. Үсний уутанцар бүр нэг л ширхэг үс агуулах тул нэг үс зулгааж авахад оронд нь олон үс ургана гэж байхгүй. Эргэн тойрны уутанцруудад ч нөлөөлөхгүй. Харин үсээ хэт ихээр зулгаагаад байвал уутанцруудыг гэмтээж энэ хавьд үс ургахгүй болж л магадгүй.


Стресс үс бууралтахад нөлөөлдөг

Үс бууралтахад зөвхөн ген нөлөөлнө гэж судлаачид үздэг ч, байнгын стресст ордог хүмүүс эрт бууралтах хандлагатай нь тогтоогджээ. Стрессийн үед энерги ихээр алддаг нь ДНК-г гэмтээж эрт хөгшрөлт, түүн дотор эрт бууралтах явдлыг үүсгэдэг.



Ганц шөнийн дотор бууралтахгүй

Их хэмжээний цочролд орсон үед гэнэт бууралтдаг гэж үздэг нь худал. Ялангуяа ном, кинонд ингэж дүрсэлдэг. Үүнийг Мария Антуанеттын синдром гэнэ. Хатан хааны үс цаазлуулахын өмнөх шөнө цав цагаан болсон гэсэн домог байдаг. Нэгэнт ургасан үс өнгөө өөрчилдөггүй тул энэ нь үнэмшил муутай зүйл юм. Харин буурал үснээс бусад өнгийн үс унадаг нэг төрлийн өвчин байдаг. Мария Антуанетта хатан зүгээр л хиймэл үсээ авсан нь тэр байх.


Тамхи их татахад үс эрт бууралтдаг

Архаг тамхичид 30 хүрээгүй насандаа бууралтах магадлал 2,5 дахин их байдгийг 2013 оны судалгаа харуулсан байна.


Биеийн бусад хэсгийн үс ч бууралтдаг

Чээж, суга, хамар, цавины үс толгойн үстэй адил бууралтдаг бөгөөд харин хугацааны хувьд л өөр өөр байдаг. Иймээс зарим эрчүүд буурал сахалтай мөртлөө хүрэн үстэй (эсвэл эсрэгээр) байдаг ажээ.


Үс бууралтахыг удалгүй эмчилж магадгүй

Арьс яг үс шиг өнгөө алдаж цайдаг витилиго гэх өвчнийг Европын эрдэмтэд судлаад мөн л устөрөгчийн хэт ислийн хуримтлалаас болж арьс өнгөө алдаж байгааг тогтоожээ. Зарим өвчтөний үс сормуусыг хэвийн өнгөтэй болгож чадсан тул удалгүй үс бууралтахаас хамгаалах тос гарч болзошгүй юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үс бууралтах тухайд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • 123 2015/03/05
    123

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох