Германы ардчиллын тулгуур буюу хүчирхэг намын тогтолцоо

Монгол улсын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай шинэ хууль батлагдаж өнөөг хүртэл явж ирсэн улс төрийн намын тогтолцоог өөрчлөх ёстой болсон. Тийм учраас эрх зүйн болон засаглалын хэлбэрийн хувьд Монгол улсын нутагшуулах боломжтой хамгийн сайн тогтолцоо гэгддэг ХБНГУ-ын улс төрийн намын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн анализ өгүүллийг хүргэж байна.

“Ардчилалд ардчилагчид хэрэгтэй” – “Demokratie Braucht Demokraten” гэж Германы анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эберт хэлсэн байдаг.

Дэлхийн I ба II хоёрдугаар дайн, тэр дундаа Гитлерийн нацизм, еврейчүүдийг хомроголон устгасан аймшигт геноцид, үндэстнээрээ дайны гол буруутан гэж тооцогдож бусдад адлагдах явдал дайны дараах  Баруун Германы төрийн тогтолцоонд гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ.

1949 оны Германы үндсэн хууль болон түүнээс хойш батлагдсан бүхий л хуулинд аливаа хүчирхийлэл, төрийн эргэлт, дарангуйлагч дэглэм, нэг хүний харизматик засаглалаас сэргийлэх талаар байж болох бүх заалтуудыг тусгасан байдаг.

Германы үндсэн хуулийн нэг үзэл санаа бол сул дорой намууд бүхий Веймарын БНУ-ын алдааг давтахгүйн үүднээс хүчтэй намын тогтолцоог дэмжих явдал байсан юм.

  • Тус улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улс төрийн намууд ард түмний улс төрийн хүсэл зорилго төлөвшихөд оролцох ёстой. Улс төрийн нам сайн дурын  үндсэн дээр байгуулагдана. Улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчмаар бүрдэх ёстой. Улс төрийн намууд хөрөнгө санхүү, түүний эх үүсвэрээ нийтэд тайлагнах ёстой” гэж заасан байдаг билээ.
  • Улс төрийн намын тухай хуулийн 18.1-д Үндсэн хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс санхүүжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжилт олгохдоо намуудын Европарламент, Бундестаг, Ландтагийн сонгуульд оролцсон байдал, гишүүдийн хувь нэмэр, хандивын нийт хэмжээг харгалзана” гэж заасан байна.

Төрийн санхүүжилт

Улс төрийн намын тухай хуулийн 18.1-д “Улс төрийн намуудын Үндсэн хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс санхүүжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжилт олгохдоо намуудын Европарламент, Бундестаг, Ландтагийн сонгуульд оролцсон байдал, гишүүдийн хувь нэмэр, хандивын нийт хэмжээг харгалзана” гэж заасан байна.

Өнөөгийн байдлаар Германы улс төрийн намууд жилдээ нийт 133 сая еврогийн төрийн санхүүжилт авч байгаа юм. Намын тухай хуулийн 18.4-д зааснаар Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам 0.5 хувиас доошгүй санал авсан, эсвэл Ландтагийн сонгуульд нийт сонгогчдын 1%-иас доошгүй санал авсан бол төрөөс санхүүжилт авах эрхтэй болдог. Тухайн намд өгсөн 4 сая хүртэлх санал бүрт 0.85 Евро, 4 саяас илүү гарсан санал бүрт 0.70 евро авах авдаг байна.

Мөн үүнээс гадна гишүүнчлэлийн татвар, хандиваас олсон нэг евро бүрт 0.38 еврогийн “дүйцүүлэх санхүүжилт” авах бөгөөд ингэхдээ нэг хүний 3,300 еврогоос дээшгүй хандивыг тооцох юм.

Энэхүү дүйцүүлэх санхүүжилт нь улс төрийн намуудыг бизнесийн бүлэглэл, цөөхөн том санхүүжүүлэгчийн нөлөөнөөс хамгаалах зорилготой.

Германы Улс төрийн намын тухай хуулийн 18.5-д зааснаар “Төрийн санхүүжилт нь тухайн намын гишүүнчлэлийн татвар, хандив бусад орлогын нэг жилийн дүнгээс хэтэрч болохгүй” юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглуулах

ХБНГУ-д төрийн зүгээс улс төрийн намуудад шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна сонгуулийн кампанийн үеэр улс төрийн намуудад хэвлэл мэдээллээр төлбөргүй нэвтрүүлэг цацах дэмжлэг үзүүлдэг юм.

Улс төрийн намууд болон олон нийтийн ба арилжааны телевиз радиогийн хоорондын гэрээний дагуу сонгуулийн кампанийн үеэр намууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр ашиглан сурталчилгаа явуулах боломжтой болдог. Тухайлбал Бавари мужид сонгуулийн санал хураалтаас 31 хоногийн өмнөөс намууд сурталчилгаагаа олон нийтийн радио телевизээр явуулдаг. Германы бусад мужид үүнтэй адил улс төрийн намуудын сурталчилгаанд зориулж тодорхой нэвтрүүлгийн цагийг арилжааны телевизүүд гаргаж өгдөг.

Тухайн мужийн хууль, улс төрийн намууд ба арилжааны телевиз радиогийн хоорондын гэрээнээс хамаарч үнэ төлбөргүй олгох цагийн хэмжээ өөр өөр байдаг. Жишээлбэл, сонгуулийн сурталчилгааны дундаж хэмжээ зар сурталчилгаа тутмын 1.5-2 минут байна. Гэхдээ улс төрийн намуудыг дэмжих, жижиг намуудад боломж олгох үүднээс зарим тохиолдолд том намуудад сурталчилгааны төлбөргүй цагийг жижиг намтай харьцуулахад арай бага хэмжээтэй өгөх явдал бий. Тухайлбал, 1990 оны Бундестагийн сонгуулийн үеэр Христосын Ардчилсан Холбоо намд олон нийтийн телевиз тус бүрт найман удаа зар сурталчилгааны цаг өгч байжээ. 2005 онд хоёр том намд арилжааны телевизэд тус бүр 12 минутын сурталчилгааны цаг өгсөн бол жижиг намуудын хэмжээнээс хамаарч 3-6 минутын сурталчилгааны цаг өгчээ. Намууд ногдсон цагийг нэг удаа бүтэн хэрэглэх эсвэл хувааж хэрэглэх эсэхээ өөрсдөө шийддэг байна.

Улс төрийн намуудын  хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зарим нэг хязгаарлалт бий. Жишээлбэл, улс төрийн намууд телевиз радиогоос сурталчилгааны цаг худалдаж авахыг хориглодог. Энэ заалт зөвхөн сонгуулийн кампанийн үед төдийгүй сонгуулийн бус бүх үед хүчин төгөлдөр байна.

Төрөөс санхүүждэг улс төрийн сангууд

Германы улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн шууд бус нэг дэмжлэг бол улс төрийн сангуудын үйл ажиллагаа байдаг.

Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг юм.

Иргэдийн улс төрийн боловсрол, ардчиллыг дэмжих нэг онцгой дэмжлэг бол намуудын дэргэдэх улс төрийн сангууд билээ.

Германы Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улс төрийн намууд ард түмний улс төрийн хүсэл зорилго төлөвшихөд оролцох ёстой...” гэж заасны дагуу иргэдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах Үндсэн хуулийн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор намуудын дэргэдэх сангуудыг 1962 оноос эхлэн төрөөс санхүүжүүлэх болсон билээ. 1962 онд Бундестаг Холбооны хөгжлийн сайдын төсөвт намуудын дэргэдэх улс төрийн сангуудыг санхүүжүүлэх зорилгоор 130 мянган дойч маркийг анх удаа суулгаж өгсөн байна. Улмаар 1967 оноос улс төрийн сангуудыг үйл ажиллагаанд Дотоод хэргийн сайд болон муж улсуудын төсвөөс мөн санхүүжилт үзүүлдэг болов. Энэ бүхний үр дүнд улс төрийн сангуудын жил бүрийн төсөв өссөөр 1970 он гэхэд улс төрийн сангуудад хуваарилах төсөв 45 сая дойч марк болсон байна.

Өдгөө Германы Бундестагт суудалтай зургаан улс төрийн нам дэргэдээ төрөөс санхүүждэг улс төрийн сантай байдаг. Эдгээр сан дотооддоо улс төрийн намуудын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, намуудыг судалгаа шинжилгээний үр дүнгээр хангах, намын ажилтнууд, гишүүд дэмжигчдийг  сургах, хилийн чанадад дэлхийн улс орнуудын ардчиллын төлөвшилтөнд тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Судлаачдын үзэж байгаагаар улс төрийн сангууд Германы ардчиллын төлөвшилтөнд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Улс төрийн сангуудын үйл ажиллагаа

 Хүснэгт. Германы улс төрийн намуудын дэргэдэх сангууд

Улс төрийн сангууд намын дэргэд байдаг ч үйл ажиллагаа болон удирдлагын хувьд намаас хараат бусаар ажилладаг юм. Сангууд зөвхөн намын үйл ажиллагаанд зөвлөх, гишүүдийг сургаж бэлтгээд зогсохгүй иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих нийгмийн ирээдүйн удирдагчдыг бэлтгэх чиглэлд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Сангууд дунд сургуулиудын сурагчдаас эхлэн иргэдэд бүх түвшинд улс төрийн боловсрол олгох сургалт явуулдаг. Ингэхдээ улс төрийн аль нэг үзлийг хатуу баримталж, аль нэг намын бодлогыг сурталчлахгүйгээр ардчилал, хүний эрх, шударга ёс, сонгуулийн оролцоо ач холбогдлыг төвийг сахисан байр сууринаас заах үүрэг хүлээдэг байна.

Судлаачдын үзэж байгаагаар улс төрийн сангууд Германы ардчиллын төлөвшилтөнд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Их Британы парламентын гишүүн Флетчер Германы улс төрийн сангуудын талаар “Дэлхийн II дайны дараах Европын гайхамшиг бол Баруун Герман дахь амьд бөгөөд үр ашигтай ардчилал юм.  Герман дахь ардчиллын онцгой институт бол төрөөс санхүүждэг улс төрийн сангууд юм. Улс төрийн сангууд намын ажилтнуудыг сургаж, гишүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж олон улсад харилцан үр ашигтай хамтын ажиллагаа явуулж их сургуулийн дайтай үүрэг гүйцэтгэж байна” гэж хэлжээ.

Эдгээр том сангуудаас гадна мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бусад сангууд мөн байдаг. Хэрэв улс төрийн нам Бундестагийн сонгуулиар нийт сонгогчдын 5%-аас доош санал авсан тохиолдолд тухайн намын дэргэдэх сангуудад өгөх төрийн санхүүжилт зогсдог юм.

Германы улс төрийн сангууд намын дэргэдэх сургалт судалгааны төв буюу Think tank төв маягаар үйл ажиллагаа явуулдаг.

Хувийн хандив

Германд улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхээс гадна хувийн хандивыг зөвшөөрдөг.

Улс төрийн нам төлөөллийн ардчиллын гол институт, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжигч байгууллага тул улс төрийн намд хандив өгөх нь хувь хүмүүсийн нийгэмдээ хувь нэмэр оруулж буй хэрэг гэсэн зарчим баримталдаг байна.

Тийм учраас хувь хүн, компанийн зүгээс улс төрийн намд өгч буй хандивын хэмжээг хязгаарладаггүй. Гагцхүү жилд 10,000 еврогоос дээш хандив өгөгчийг зарлах ёстой. Мөн 50,000 ба түүнээс дээш хэмжээний хандив өгөгчийг тэр даруйд нь зарлах ёстой.

Сүүлийн 50 жилд улс төрийн намд хандив өгөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх явдлыг Холбооны шүүх болон бусад холбогдох хуулиар зохицуулж ирсэн.  Харин 1994 оноос улс төрийн намд хандив өгөгч пүүс компаниудад үзүүлэх татварын хөнгөлөлтийг цуцалсан. 2002 оны Орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу намд хандив өгсөн иргэний 3,000 еврогоос доош хандивын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг татвар ногдох орлогоос хасч тооцдог юм.

Улс төрийн намын санхүүжилтэд тавих хяналт

Германы Улс төрийн намын тухай хуулинд заасны дагуу Бундестагийн ерөнхийлөгч улс төрийн намуудын санхүүжилтийг эрхлэн хариуцна. Бундестагийн ерөнхийлөгч улс төрийн намуудын жил бүрийн санхүүгийн тайланг хүлээн авч нягтлах, нийтлэх үүрэгтэй. Түүнчлэн улс төрийн намуудын санхүүгийн асуудлаар хараат бус шинжээч томилон ажиллуулж болдог. Бундестагийн ерөнхийлөгчийн дараагийн нэг үүрэг бол улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн хөтөлбөрийг хариуцах явдал бөгөөд улс төрийн намуудын санхүүгийн тайланд үндэслэн хуулиар тогтоосон улс төрийн намуудад олгох 133 сая еврог намуудад хуваарилна.

Бундестагийн ерөнхийлөгчийн улс төрийн намуудын санхүүжилтийн талаарх үйл ажиллагаанд Холбооны Аудитын газар хяналт тавьдаг. Мөн энэхүү байгууллага улс төрийн намуудын санхүүгийн тайланд давхар хяналт тавьдаг юм.

Үндсэн хуулийн 21.1-д зааснаар улс төрийн намууд санхүүгийн бүх үйл ажиллагаагаа тайлагнана. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд санхүүгийн тайлангаа албан ёсны аудитор юмуу аудитын компаниар хянуулж 9 сарын 30 гэхэд Бундестагийн ерөнхийлөгчид санхүүгийн тайлангаа хүргүүлэх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар намын санхүүгийн тайланд дараах мэдээллийг агуулсан байна.

  1. Орлого:
  • Гишүүдийн татвар, хандив
  • Хувь хүмүүсийн хандив
  • Хуулийн этгээдийн хандив
  • Намын эд хөрөнгөнөөс олсон орлого
  • Намын хэвлэмэл материал, зохион байгуулсан арга хэмжээ, орлого нэмэгдүүлэх зорилгоор явуулсан бусад үйл ажиллагааны орлого
  • Төрийн санхүүжилт
  • Бусад орлого
  • Тэтгэлэг
  1. Зарлага:
  • Ажилтнуудын цалин
  • Бизнесийн үйл ажиллагаа
  • Намын ерөнхий үйл ажиллагаа
  • Сонгууль
  • Ашиг сонирхол
  • Бусад зардлууд
  • Салбар бүтэцийн үйл ажиллагаа
  1. Хөрөнгийн талаарх мэдээлэл:
  • Үл хөдлөх хөрөнгө ба газар
  • Ажлын байран дахь тоног төхөөрөмжүүд
  • Санхүүгийн хөрөнгө оруулалт
  1. Хөдлөх хөрөнгө:
  • Салбар нэгжүүд
  • Төрийн санхүүжилт
  • Мөнгөн хөрөнгө
  • Бусад хөрөнгө
  1. Бүх өмч:
  • Өр зээл
  • Нөөц хөрөнгө: тэтгэвэр болон бусад
  • Авлага
  1. Намын гишүүдийн тоо

Эдгээрээс гадна жилд 10,000 еврогоос дээш хандив өгөгчийн талаарх мэдээллийг тусад нь гаргаж өгнө. Санхүүгийн тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл, тайлбарыг мөн оруулна. Улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаа хууль зөрчсөн тохиолдолд торгуулийн болон эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Тухайлбал, намууд санхүүгийн үйл ажиллагаандаа ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 18.8-д заасны дагуу төрөөс санхүүжилт авах эрхгүй болдог юм.

Ийнхүү нэг хүний засаглалаас сэрэмжилсэн парламентын систем, төрийн дэмжлэг бүхий хүчтэй улс төрийн намын тогтолцоо, иргэдийн улс төрийн боловсролыг дэмждэг улс төрийн сангууд бол Германы ардчиллын тулгуур билээ.