Коронавирус: БНХАУ руу нисэх 25 нислэг, Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг цуцаллаа

 

ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 5-ны байдлаар ДЭМБ-аас гаргасан мэдээгээр шинэ коронавирусийн халдварын 24554 тохиолдол 492 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Энэ нь дэгдэлт анх эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар 28262 тохиолдол бүртгэгдэж 565 хүн нас барж, 3800 тохиолдлоор нэмэгдсэн.

Хятадаас гадна 24 улсад 191 тохиолдол, нэг нас баралт Филиппин Улсад бүртгэгдсэн. Бельги Улсад коронавирусийн анхны тохиолдол гарсан. Тайланд Улсад нэгдүгээр сарын 13-нд Хятадаас гадна х анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол түүнээс хойш 24 улсад харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдэж байгаагаас харахад дэгдэлтийг дэлхийн хэмжээний том дэгдэлт болохоос өмнө хяналтад авч таслан зогсоож болох боломж байгаа нь харагдаж байна. Улс орнууд хилийн хяналтаа сайжруулах, тусгаарлах, халдвар хамгаалалтын арга хэмжээг эрчимтэй авч байгаагийн үр дүнд дэгдэлт бусад улс оронд хурдацтай тархахаас сэргийлж байна. Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай, 20 хувь нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлаар хүндэрч байна.

ДЭМБ-аас эрүүл мэндийн байгууллагын ажилтны аюулгүй байдлыг хангах хувийн хамгааллын хэрэгслийн нэмэгдүүлэх ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Номхон далайн баруун бүсийн агуулахад амны хаалт, хувцас хэрэгсэл зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг төвлөрүүлээд байна. Манай улсад энэхүү хувийн хамгааллын хэрэгслийн эхний ачаа хоёрдугаар сарын 8-нд ирэх хуваарьтай байна”  гэв.

ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд “Иргэний нисэхийн салбарт 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн БНХАУ-д нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын 3 нислэг, хоёрдугаар сарын нийт 20 нислэг, гуравдугаар сарын 2 нислэгийг өнөөдрийн байдлаар түр цуцлаад байна. Мөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа нийт алба хаагчдад урьдчилсан зааварчилгаа өгч эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. Төмөр замын чиглэлээр ням гаригаас бусад гаригт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа. Үүнээс өнөөдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтийн дагуу зогсоож байгаа. Бусад галт тэргүүд бүгд аялж байна. Гэхдээ агаарын болон төмөр замын тээврээр Монгол Улсын иргэн БНХАУ руу аялахгүй байх заавар чиглэл өгсөн. Хэрвээ зайлшгүй ажлын шаардлагаар гарах шаардлагатай бол хил хамгаалах газраас зөвшөөрөл авч ажиллаж байна.

Авто тээврийн чиглэлээр БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг гаргахгүй байгаа. Мөн өнөөдрөөс эхлэн боомтуудыг түр хугацаагаар хаасан. Иймд зорчигчдыг зөвхөн агаарын болон төмөр замын тээврээр тээвэрлэхээр болсон” гэв.

Цагдаагийн байгууллагаас коронавирусийн талаар цахим орчинд нийтлэгдсэн сөрөг мэдээллийг шалгах, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн өсөлт, амьсгалын замын халдвараас сэргийлэх амны хаалт, этилийн спирт, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулагдан хомсдол үүсэж болзошгүй зарим үйлдэл, ашиг сонжоо олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг илрүүлэх таслан зогсоох, иргэд олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээхгүй байх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж.

БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 32 иргэн нэг хүүхдийн авчрах үеэр хамгаалалт зохицуулалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. ХӨСҮТ-ийн гадна орчныг цагдаагийн байгууллагаас хязгаарлалтын бүс тогтоон 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Хилээр орж ирж байгаа иргэдийг тухайн боомт дээр хязгаарлах шаардлагатай. Иргэд эрүүл мэндийн байгууллага хилийн ажилтны зүй ёсны шаардлагыг биелүүлэн төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Төрийн байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн хоёр иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгаарлан авсан. Мөн Орхон-Уул аймагт өрхийн эмнэлэг дээр ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн иргэнийг тусгаарласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмнэлгийн байгууллагын ажилчдын шаардлагыг биелүүлдэггүй, доромжилдог үйлдлүүд гарч байна. Үүнд цагдаагийн байгууллага холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно” гэв.

Энэ өвчлөлийг үүсгэгч нь вирус байгаа. Вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ одоогоор байхгүй, вакцин гараагүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тухайн өвчтөний биеийн байдлаас хамаарч эмчилгээг хийнэ. Хүндэрч байгаа 20 хувьд ихэнхдээ архаг хууч өвчтэй хүмүүс байгаа учраас уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын чиглэлээр эмчилгээгээ хийж байгаа аж.