МЭДЭЭ НЭМЭХ  

Хардаж, атаархах сэтгэлийг хэрхэн даван туулах вэ?

  • 4,310 уншсан
  • 4
  • 2014/05/23

Хардалт, атаархал нь маш хүчтэй мэдрэмж тул хамгийн ухаалаг нэгнийг ч танигдахын аргагүй болтол нь өөрчлөх чадвартай. Наад зах нь стресст оруулж, даралт ихэсгэж, ихээхэн зовлон шаналал авчирдаг. Цаашлаад хүний амь хохирох хүртэл эрсдэл гарч болзошгүй. Харамсалтай нь, хардаж жөтөөрхөхийг болиулах ямар ч арга байхгүй. Гэхдээ үр дагавраас нь зайлсхийж болно. Энэ талаар товч зөвлөе. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч, ялагдлыг хошин байдлаар хүлээн авч сур!

Хартай, атаархуу хүмүүс голдуу  хэт туйлширсан сэтгэлгээтэй байдаг. Тэднийхээр аливаа зүйл нэг бол муу, эсвэл их сайн. Иймээс төгс төгөлдөр биш байх нь харин ч хэвийн зүйл гэдгийг өөртөө бат шингээж, бүтэлгүйтсэн тохиолдолд дотнын нөхдийнхөө хүрээнд ялагдлаа тэмдэглэж, өөрөө өөрийгөө шоолж, болсон явдалд онцгой ач холбогдол өгөхгүй байж сурах нь маш чухал гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.

Нийтэч байж, сэтгэл санаагаа уудлан гаргаж сур!

Сэтгэлийг чинь шаналгаж буй асуудлын талаар найз нөхөдтэйгөө гэхээс илүү хардах сэтгэл төрүүлж буй хүнтэйгээ илэн далангүй ярилцаж сурвал олон таагүй явдлаас зайлсхийж чадна. Бүр тусламж хүссэн  ч болно шүү дээ. Ингэж санаа бодлоо нуулгүй илэрхийлэх нь таныг бусдад маш сайн ойлгуулж, цаад хүн чинь таныг шал өөрөөр харж үнэлдэг болно.


Өөрийнхөөрөө амьдар!

Хардлага болон атаархлыг давж гарахын тулд та аз жаргалтай, утга учиртай, санаснаараа  амьдарч сурах хэрэгтэй. Ингэдэггүй учраас л хайртай хүн чинь танаас хөндийрч байгаа юм шүү дээ. Зөвхөн 2 биенийхээ асуудалтай л зууралдаад байвал салах магадлал бүр өндөр байдаг. Ер нь сэтгэл ханамжийнхаа 25%-ийг бид хамтрагчаасаа олж авдаг, үлдсэнийг нь ажил, хобби, найз нөхдийн холбоо, оюуны гэгээрэл, төрөл садан маань бүрдүүлж байдаг. Та өв тэгш боловсролтой, олон талын авьяас сонирхолтой байж гэмээнэ хардах атаархахын зовлонгоос холуур өнгөрч чадна.


Аливаа зүйлсээс гэгээлэг талыг нь олж хар!

Энэ бол хардлага жөтөөрхлийг орвонгоор нь эргүүлэх алхам юм. Атаархсанаас болж бид өөрт  байхгүй зүйлдээ төвлөрдөг бол, өөдрөг үзэл байгаа зүйлээ үнэлж сурахад тусалдаг. Ингэж чадвал та хичнээн “харалган” байснаа ойлгож атаархал, хардлагаа аажмаар таягдан хаяж чадна. Танаас дор байдалд байгаа хүн олон бий, тэд тан шиг байхыг мөрөөдөж суудаг гэдгийг өөртөө байнга сануул, хувь заяаны өгсөн бэлгийг дахин нэг анзаарч үз! Эрүүл бие, эрдэм чадал, царай зүснээс эхлээд зарим хүнд заяагаагүй өчнөөн зүйлс танд бий.


Бусдын аз жаргалд баярла!

Хардаж атаархахын оронд тэдний аз жаргалд хамт баярла! Энэ бол олон зууны тэртээгээс үүдэлтэй гүн ухааны сургааль юм. Та тэдэнтэй цуг баярласнаар хардах атаархах таагүй мэдрэмжийг илүү гэгээлэг сэтгэлээр сольж, өөртөө үнэлж баршгүй тус хүргэж, өөрийгөө эмчилж байгаа хэрэг билээ.


Бүхнийг хяналтандаа байлгах гэж бүү улайр!

Хүн хардаж жөтөөрхөх тусам хяналтаа чангатгах гэж улайран тэмүүлдэг муу зантай амьтан. Энэ нь асуудлыг шийдвэрлэх биш, харин улам л хурцатгасаар ирсэн. Үүний оронд та хүч чадлаа хийж чадах зүйл дээр төвлөрүүл! Жишээ нь, харилцаагаа сайжруулах зөв алхмуудыг сэтгэн олж, хийж болно шүү дээ.


Бүү харьцуул!

Өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг хүн л өөрийгөө азгүй амьтан болгодог. Энэ нь цаашид атаархалд хүргэнэ. Хэн нэг нь, ямар нэгэн талаараа танаас мэдээж илүү байна. Бас танд байхгүй юм өөр нэгэнд байж л байгаа. Энэ бол зүгээр л амьдрал, та үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Үүний оронд та өөртөө байгаа зүйлсийн тухай бод. Таны найз бүсгүйчүүдийн толгойг хялбархан эргүүлж дөнгөдөг байж болох юм. Харин тань шиг чадварлагаар ажил хэргээ явуулж чаддаг бил үү?!


Өөрт хэрэгтэй, ашигтай зүйл хий!

Хамт ажилладаг залуу чинь албан тушаал дэвшээд гараад өгвөл та шинэ костюм руу нь кофе асгахыг мөрөөдөөд л суугаад байх уу? Асгаж чадлаа гээд та аз жаргалтай болох нь юу л бол. Түүний оронд та бас тушаал дэвшихээр ажиллаж болно шүү дээ. Шууд төлөвлөгөө гаргаад ажилдаа ор! Эцсийн эцэст та тушаал дэвшиж чадах эсэх нь огт хамаагүй, харин атаархал өөрийг чинь бүрэн эзэмдэхээс өмнө зайлуулж хаях нь чухал. Тийм ч амар салж өгөхгүй байж магад, гэхдээ л хавьгүй хөнгөн байх болно. Сайн ажиллаад, өөрийгөө үнэлээд, бусдад үнэлэгдээд ирэхээр юу болохыг нь хараарай!


Өөрийгөө хайрлаж, хүндэлж сур!

Өөрийгөө хэзээд дорд үздэг хүмүүсийн хувьд энэ их хэцүү. Гэхдээ эцсийн үр дүн нь гайхалтай: өөртөө сэтгэл ханамжтай, аз жаргалтай хүмүүс бусдын юу хийж, юу эдэлж байгаад хэзээ ч ач холбогдол өгдөггүй. Иймд өөрийгөө шүүмжлэх хандлага гараад ирмэгц л хурдан эерэг бодлоор соль! Ингэсээр өөрийгөө үнэлэх, хүндлэх тань хэвшил болоод ирнэ. Энэ үед атаархах хорсохын зовлон огт үгүй болно.


Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав!

Атаархал, хардлага зэрэг нь хүнд байдаг л мэдрэмж боловч хэвийн хэмжээнээс хэтрээд ирвэл сэтгэцийн өвчин болж даамжрах аюултай. Хэрэв та:

- хэн нэгэнд байнга муу зүйл хүсдэг бол

- өөрийгөө голдог зантай бол

- өөрийгөө дандаа шүүмжилдэг бол

- үргэлж түгшиж байдаг бол

- сайн сайхан амьдарч буй хүмүүсээс бэргэж болгоомжилдог бол

- өөрийн амжилтыг тоодоггүй мөртлөө бусдын амжилтанд атаархдаг бол - танд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хардаж, атаархах сэтгэлийг хэрхэн даван туулах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • zochin 2015/03/28
    Venn ym bichjee.

    0 0 Хариу бичих
    • zochin 2015/03/28
      Ta settle zasalch emcees zowlogoo ava heregtei ym

  • t 2015/02/21
    bugd hudlaa

    0 0 Хариу бичих
  • Saikhnaa 2014/06/01
    Busdiin amjilt, ololtond chin setgeleesee baysaj, iluu ih amjilt husch chadaj baival ta dotoodoosoo baylagiig buteegch, gereltegch hun yum.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох