COVID 19 илэрсэн Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ.

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан.

Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговьд нэг хүнийг ажиглалтад аваад байна" гэлээ.

Уг мэдээллийг хүргэсний дараа нэгэн иргэнээс Франц улсын иргэнийг хурдан эдгээрэй гээд шар тос, ил захидал авчирч өгснийг Д.Нямхүү захиралд өгөв. Тэрбээр "Урам өгсөн ил захидал, шар тосыг маш хурдан тухайн иргэнд дамжуулж өгнө. Манай эмч нар тухайн иргэнийг тайвшруулахын тулд олон нийтийн сүлжээнд түүнийг хурдан эдгээсэй хэмээсэн олон сэтгэгдэл байгааг дамжуулж хэлж байгаа. Мөн гуравдугаар ангийн гурван сурагч англи хэл дээр захиа бичиж илгээснийг түүнд дамжуулсан. Захиаг уншаад, сайхан мэдээ сонсоод их уярч, сэтгэл өөдрөг байгаа" хэмээн хэллээ.