ХӨСҮТ: Ойрын хавьтал болох 75 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19-ын халдвар дэлхийн 173 оронд тархсан байна. Шинээр 5 оронд өвчлөл нэмэгдсэн. Ихэнх тохиолдлууд арлын оронд бүртгэгдсэн.

Европын орнуудад буюу Итали, Испани, Франц, АНУ, Итали, ХБНГУ, өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Гадаадын зарим улсад гаднын иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

COVID-19 өвчлөл анх бүртгэгдсэн эхний гурван сард 100 мянган хүн өвдөж байсан бол одоо зөвхөн сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр энэ халдварыг авсан байна.

Европ тивээс Ази тив рүү өвчлөл зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Иймд эрдэмтэн судлаачид Азид хоёр дахь давлагаа гарах нь гэсэн тооцооллыг хийж байна. Учир нь Сингапурт 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол европын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Тиймээс бүх орныг урьдчилан сэргийлэх хамгаалах хоёр үндсэн тактикт эрчээ сулруулахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна.

Япон улс гаднын улс орноос хоёр удаа иргэдээ татан авахад 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Иймд өвчлөл гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгаа учраас хамгаалах тактикаа чангатгах хэрэгтэйг мэргэжлийнхэн анхааруулсаар байгаа юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 2942 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1804 иргэн байна.

Бид тусгаарлах байруудыг өргөжүүлж байгаа. ОХУ, Казакстанаас ирэх хүсэлтэй байгаа оюутнуудаа хүлээж авах бэлтгэлээ базааж байна” гэв.

ХӨСҮТ: Ойрын хавьтал болох 75 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлээр ирсэн онгоцоор ирсэн иргэдийн ойрын хавьтал болох 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

18-нд Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Түүний сорьц ирж яваа. Тухайн хүнтэй цаг автобусанд явсан 24 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Батлагдсан тохиолдол 6, сэжигтэй тохиолдол 7 ажиглалтад  байна. Бид түргэвчилсэн оношлуураар баримжаа авах, яаж цаашид ажиллах вэ гэдэг дээр авч байгаа ч жинхэнэ баталгаат хариуг PCR-р авна. Түргэвчилсэн оношлуурын хувьд буруу зүйл байхгүй. Бүгдийг бид шинээр ашиглаж ажилдаа нэвтрүүлж алдаагүй байх тал дээр ажиллаж байна. Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Тиймээс бид тайван дэс дараатай ажиллах хэрэгтэй байна” гэв.