МЭДЭЭ НЭМЭХ  

Японы хүүхэд хүмүүжүүлэх аргууд

  • 6,602 уншсан
  • 0
  • 2014/05/26

Японд хүүхэд 5 нас хүртлээ бурхан мэт шүтэгдэж, 15 хүртэл боол мэт хөдөлмөрлөж, 15 наснаас хойш найз нөхөр болдог гэлцдэг. Энэ бол японы уламжлалт сурган хүмүүжүүлэх арга “икудзи “-ийн  хураангуйлал юм. Япончуудаас сурах зүйл их бий.

Японд эрт цагаас эхлэн хүүхэд хүмүүжүүлэх үүргийг эмэгтэйчүүд нь хүлээдэг байж. Эх үр хоёрын бат холбоог «амаэ» гэж нэрлэдэг. Энэ нь “эрхлүүлэх”, “харж хандах” гэсэн үгнээс үүдэлтэй гэнэ. Одоо ч гэсэн япон эмэгтэй эх болохоор  шийдсэн л бол өөрийгөө хүүхэддээ бүрэн зориулах ёстой. Хүүхэд 3 нас хүрэхээс өмнө ажилд орох, эмээ өвөөгөөр нь харуулахыг япончууд хэзээ ч сайшааж байгаагүй. Ер нь Японд өөрийн ажлыг өрөөлд тохох нь гэмт хэрэгт тооцогддог. Эх нь хаашаа л явна, хүүхэд нь эсвэл энгэрт нь, эсвэл нуруунд нь зүүгдээстэй. Ийм бие сэтгэлийн дотно холбоо эхийн нэр хүндийг асар ихээр дээдлэх үзэл суулгадаг. Японд эхийгээ гомдоох, зовоохоос илүү нүгэл гэж байхгүй.

Бурхан - хүүхэд:

Японд 5-аас доош насны хүүхдэд ямар ч хориг саад байхгүй, “болохгүй”, “муу”, “аюултай” гэх мэт үгнүүд огт хэрэглэгддэггүй. Хүүхдийг ямар ч тохиолдолд болиулах, зандрах, шийтгэх нь хориотой. Хөндлөнгөөс харвал хэт эрхлүүлж, даврааж байгаа мэт харагдаж болзошгүй. Гэвч тийм зүйл болдоггүй, учир нь японд эцэг эхийн нөлөө маш өндөр гэнэ. Алхам бүрд өөрийн биеэр үлгэрлэн дагуулж, үзүүлж, харуулж, мэдрүүлдэг байна. Энэ талаар хийсэн туршилт ч байдаг. Япон эмэгтэй эхлээд заавал өөрийн биеэр хийж үзүүлдэг бол, америк эмэгтэй яаж хийхийг тодорхой зөвлөж ярьсны эцэст хамтдаа хийж байжээ. Эхний нь мэдээж үр дүн хамаагүй илүүтэй байсан гэнэ. Япончуудын хувьд үгнээс үйл хөдлөл чухал байдаг. Японд хүүхэд халуун цайтай аяга авах гээд байвал хориглодоггүй ч түлэгдвэл эх нь өршөөл гуйж, хүүхдийн бодлогогүй үйлдэл эхэд нь ч бас ямар зовлон учруулж байгааг заавал хэлдэг гэнэ. Тоглоомоо эвдээд байвал бид яадаг билээ! Харин япончууд “Чи түүнийг маш их өвтгөж байна даа” гэх жишээтэй. Ингэж л хүмүүжилтэй, эцэг эхдээ хайр халамжтай, “Би бол сайн хүн” гэсэн итгэл үнэмшилтэй хүн болох эхлэл тавигддаг байна.


Боол – хүүхэд:

5 нас өнгөрөөд л хүүхэд амьдралын өршөөлгүй хуулиудтай танилцаж, болох, болохгүйн саад бэрхшээлтэй тулгарна. Учир нь, Япон бол нийгэмшсэн орон. Эдийн засаг, байгаль-цаг уурын нөхцөл нь япончуудыг байнга бусадтай хамтран ажиллахад сургажээ. Олуул нийлж байж л ургац сайн авдаг байсан шигээ хүн бүр нийгмийн механизмын нэг хэсэг болон амьдарна. Хэрэв олны дунд байр сууриа олж чадахгүй бол чи хэрэгцээгүй гэсэн үг. Японд нийгэмдээ шоовдорлогдохоос илүү аймшиг байхгүй. Иймд 5 наснаас эхлэн хүүхдийг бүлэг, системийн нэг хэсэг болон амьдрахад сургаж эхэлнэ. Хүүхдүүд аажмаар нийтийн эрх ашгийг хувийнхаас дээгүүрт тавьж сурна. Мөн тэд өөрт ноогдсон ажлаа сайн хийгээд зогсохгүй, бусдыгаа ажиглаж сурдаг. Цэцэрлэг, сургуулийн багш нар ерөнхийдөө чиглүүлэгчийн үүрэгтэй. Япон хүүхдүүд олуулаа оролцдог спорт тоглоомууд болон буухиа тэмцээн, найрал дуунд их дуртай гэнэ. 10 жилийн турш япон хүүхдүүд микро бүлгийн  гишүүн байж, хамт олонтой ажиллаж, харилцаж сурдаг. Ингэж нийгмийн хариуцлага, нийтэч үзэл санаа төлөвшин тогтдог байна.


Найз – хүүхэд:

Хүүхэд 15 нас хүрээд л төлөвшсөн иргэн гэж тооцогдоно. Харин цаашид өөрийгөө танин мэдэх, эсэргүүцэл илэрхийлэх түр зуурын үе гарч магадгүй. Гэхдээ энэ нь өмнөх 2 үе шатанд тавигдсан суурийг эвдэх тохиолдол тун ховор гэнэ.  Энэ мэт “икудзи” нь европ сэтгэлгээгээр харвал эсрэг тэсрэг ч гэмээр хачирхалтай систем боловч япончуудын хувьд хэдэн зууны турш үр өгөөжөө өгсөн, хууль дүрэм сахидаг, сахилга баттай иргэдийг бий болгосон ач тустай арга билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Японы хүүхэд хүмүүжүүлэх аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох