У.Хүрэлсүх: Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байна

Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга.

Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. 

Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа.

Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэж байна.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл олгоно.
6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
7. Шатахууны үнийг тодорхой хувиар бууруулна.