МЭДЭЭ НЭМЭХ  

Агуу зураачдын аймшигт бүтээлүүд

  • 10,976 уншсан
  • 0
  • 2015/04/08

Музейд байдаг зургууд гэхээр л үзэсгэлэн төгс байгаль, эсвэл хэн нэгний сайхан хөрөг санаанд буудаг. Гэтэл урлагт өөр нэг тал байдаг аж. Алдар цуутай зураач ч гэсэн зарим үед маш түгшүүртэй, бүр аймшигтай гэж хэлж болохоор бүтээл туурвих нь бий. Иймэрхүү зургууд харсан болгоны анхаарлыг соронздон татдаг шидтэй аж.

Уильям Блейк: “Их улаан луу болон далайн мангас”

Уильям Блейк амьд сэрүүндээ нэрд гарч шалиагүй ч, өнөө үед түүний сонгодог стилийн бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Ялангуяа библийн сэдвээр Их улаан луу болон далайн мангасыг дүрсэлсэн цуврал зураг нь ихэд алдаршжээ.


Фрэнсис Бэкон: “X Иннокентийн хөрөг”

Ф. Бэкон бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий зураачдын нэг. Түүний зургууд маш зоригтой, өдөөн хатгасан шинжтэй байдаг. Энэ зургууд хэдэн сая доллараар зарагддаг гээд бод доо. Тэр ч бүү хэл, зотон даавууны тасархай нь хүртэл (Бэкон өөрт таалагдаагүй зургаа устгадаг байв) үнэд хүрэх тохиолдол гарч байжээ. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид өөр нэг зураач Веласкесийн зурсан  X Иннокентийн хөргийг өөрчлөн зурж байсан юм. Веласкес Пап ламыг бодлогшрон сууж байгаагаар зурсан бол Бэкон орилон хашгирч буйгаар дүрсэлжээ.


Адольф Вильям Бугро: “Данте, Вергилий хоёр тамд очсон нь”

Дантегийн дүрсэлсэн тамын орон олон зураачдын онгодыг хөглөсөн гэдэг. Тэдэн дотроос Бугрогийн зураг хамгийн их алдаршжээ. Зураг дээр тамын зовлонт амьтад бие биенийхээ эрч хүчийг сорон авахаар хазан тэмцэлдэж байна. Харин Данте, Вергилий хоёр бах нь ханан баясах чөтгөрийн хамтаар тэднийг харан зогсох аж.


Эдвард Мунк: “Маратын үхэл”

Эдвард Мунк бол Норвегийн алдарт зураач. Түүний “Хашгираан” гэж сонин зураг байдаг. Жан-Поль Марат бол Францын хувьсгалын удирдагчдын нэг байсан юм. Арьсны өвчтэй тэрээр угаалгын өрөөндөө бүгэж, гар бичмэл дээрээ ажилладаг байсан гэнэ. Тэндээ Шарлотта Корде гэгч эмэгтэйд алуулжээ. Маратын үхлийг дүрсэлсэн хэд хэдэн зураг байдаг ч, Мункийнх ер бусын харгис болсон гэдэг.


Теодор Жерико: “Тас цавчуулсан толгойнууд” 

Түүний хамгийн алдартай бүтээл бол романтик стилээр зурсан “Медуза” хэмээх том зураг юм. Жерико сонгодог стилээс салж, романтизм руу орохыг мэрийж байв. Энэ зураг бол түүний анхны уран бүтээлийн нэг. Зураач хүүр хадгалах газарт очиж жинхэнэ цавчуулсан толгой, гар хөлийг судалж байж зурсан гэдэг.


Матиас Грюневальд: “Гэгээн Антонийг довтолсон нь” 

Зураач өөрөө сэргэн мандалтын үед амьдарч байсан ч, дундад зууны шашны сэдвээр зуржээ. Гэгээн Антоний цөлд мөргөл хийж явахдаа чөтгөрүүдийн дайралтанд өртөж амь алдсан гэдэг. Гэсэн ч тэрээр эргэн амилж бүх чөтгөрүүдийг хөнөөсөн гэх домог бий. Зураг дээр энэ домгийн хэсгээс үзүүлсэн байна.


Эмиль Нольде: “Багтай натюрморт” 

Эмиль Нольде экспрессионист урлагийн анхдагчдын нэг байсан юм. Экспрессионизмын гол онцлог нь бодит байдлыг субъектив өнцгөөс үзүүлэх явдал байлаа. Нольде Берлиний музейд байх багнуудыг судалж байгаад энэхүү зургийг зурсан гэдэг. Гэхдээ тэр дуусгалгүй орхисон байна.


Франсиско Гойя: “ Хүүгээ идэж буй Сатурн”

Грек эх сурвалжаас үүдэлтэй Ромын домогт бүх бурхдын эцэг Сатурн эрх мэдлээ хүүхдүүддээ алдахаас айж залгиж орхидог байсан гэж гардаг. Гойя нялх хүүхдийг хэрхэн хөнөөж байгааг дүрсэлжээ. Энэ зураг олон нийтэд зориулагдаагүй бөгөөд Гойя өөрийн гэрийн ханан дээр бусад олон аймшигт зургийн хамтаар зурж үлдээсэн байсан гэнэ.


Караважо: “Юдифь ба Олоферн“

Хуучин гэрээнд гардаг залуу эхнэр Юдифийн тухай домгоос сэдэвлэн зурсан зураг. Домогт гардгаар бол Олоферн еврейчүүдийг довтолсон Навуходоносорын армийн жанжин байсан гэнэ. Вавилончууд Юдифийн амьдран суудаг байсан Ветилую хотыг бүслэн авчээ. Хотынхонд аврагдах ямар ч найдвар байсангүй. Юдифь гоёмсог хувцаслаж, зарцаа дагуулан Олоферн дээр очоод түүний итгэлийг олжээ. Нэгэн үдэш түүнийг согтон унасан хойно Юдифь толгойг нь цавчин хаясан гэдэг.


Иероним Босх: “Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг”

Босхын зураг үргэлж шашин, фантаз буюу хийсвэр үзлийг хослуулан тайван бус утга агуулгатай байдаг. Дээрх зураг нь: Диваажингийн цэцэрлэг, Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг, Нүгэл үйлдэгсдийг гэсгээх там гэсэн 3 хэсгийг багтаасан бүтээл юм. Энэ зураг үзэсгэлэн төгс мөртлөө аймшиг дагуулсан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Агуу зураачдын аймшигт бүтээлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох