МЭДЭЭ НЭМЭХ  

Вулпитийн нууцлаг ногоон хүүхдүүд

  • 15,952 уншсан
  • 1
  • 2015/04/08

Английн Суффолк гүнлэгийн Вулпит тосгонд нэгэн хачирхалтай явдал болжээ. Талбайдаа ажиллаж байсан тариачид чоно урхидахаар ухсан хуучин нүхэнд 2 бяцхан хүүхэд – хүү, охин 2 орсон байхыг олж гаргажээ. Харахад жирийн л хүүхдүүд, ганцхан арьс нь гүн ногоон өнгөтэй байв. Хаанаас ирснийг нь асуусан ч, тэд хүмүүсийн яриаг огт ойлгохгүй, өөрсдөө үл мэдэгдэх хачин хэлээр шулганалдаж байжээ. Саяхан болж өнгөрсөн дайн дажны үеэр энэ нутгийнхан олон янзын харь үндэстэн, дүрвэгсэдтэй бишгүйдээ л нэг тулгарч, хир баргийн хэлийг ойлгохтойгоо болсон байсан ч хүүхдүүдтэй хэл ам авалцаж огт чадсангүй.

Ингээд хүүхдүүдийг нутгийн ноён Де Колнд хүргэж өгч, ноён ч тэднийг асран хамгаалах үүргийг өөртөө авсан байна. Хүүхдүүд өлсгөлөн байгаа нь тодорхой байсан ч авчирч өгсөн хоолонд ам хүрсэнгүй, харин санаандгүй ногоон шош олж хараад ховдог гэгчээр идэцгээжээ. Хойшид ч удтал зөвхөн шошоор л хооллож байв. Тэдний арьс аажмаар хэвийн өнгөтэй болж, ердийн хоол идэж сурчээ. Хүүхдүүдийг сайн халамжилж байсан ч, охиныг бодвол арай сул дорой байсан хүү шинэ орчинд дасаж өгөхгүй, ихэд уйтгарлан гансарч байсаар өвдөж нас барсан гэнэ. Харин охин шинэ гэртээ сайн дасаж, англиар дажгүй ойлголцох болжээ. Тэр охин дараах түүхийг ярьсан байна.

Тэрээр дүүгийн хамт «Гэгээн Мартин» гэдэг газар амьдардаг байж. Тэнд нар бараг байхгүй, ихэнхдээ бүрэнхий байдаг. Нэгэн удаа дүүтэйгээ хонь хариулж явтал хачин жунгинасан чимээ гарч, хүүхдүүд нэг л мэдэхнээ Англид, тэднийг олсон нүхэн дотор байсан гэнэ. (Үнэхээр ч хүүхдүүдийг олсон тариачид эргэн тойронд нь ямар ч шавж байхгүй байтал тэд зөгийнөөс зугтах мэт гараа савчиж байсныг хэлж байжээ) 
Охин бүр идээшиж дасаад нас бие гүйцэж хүнтэй суусан байна. Тэр жаахан дураараа, ааш муутай байсныг эс тооцвол бусад бүсгүйчүүдээс огт ялгарах юмгүй байжээ.


Энэ түүх ямар учиртай юм бол? Юун хүүхдүүд, хаанаасаа гараад ирсэн хэрэг вэ?

Зарим судлаачид тэднийг зэсийн уурхайд ажиллаж байгаад эзнээсээ зугтсан бяцхан оргодлууд гэдэг. Зэс арьсыг ногоовтор туяатай болгох тохиолдол бий. Гэтэл тэр хавьд зэсийн ямар ч орд, уурхай байхгүйгээс гадна, хүүхдүүдийн хоорондоо ярьж байсан исгэрэх мэт уянгалаг хэл ихээхэн гайхаш төрүүлж байсан гэнэ.

Энэхүү гайхалтай явдлын талаар дэлгэрэнгүй бичсэн эртний манускрипт одоо Британы музейд хадгалагдаж байдаг аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вулпитийн нууцлаг ногоон хүүхдүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/08
    George Martin-ий зохиолоос гарч ирж дээ хэхэ. vesteros

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох