МЭДЭЭ НЭМЭХ  

ЭХ ХҮН БОЛНО ГЭДЭГ...

  • 543 уншсан
  • 0
  • 2015/04/14

Миний бичсэн сэтгүүлзүйн нийтлэлийн "Зөрж өнгөрөөгүй" номонд орсон өгүүлэл

-Буян хишгийн арвин их даллага болсон ээжийнхээ ариун гарыг дулаацуулж халуун сургаалийг нь сонсох шиг аз жаргал юусан билээ-

Алив сайхан бүхнээ бид ээжтэйгээ зүйрлэж, аз жаргалыг эх үрсийн энхрийлэл хайраар төсөөлдөг билээ. Хүний орчлонгийн түмэн янзын хэлхээс дотроос эх үрсийн ариун холбоос шиг эрхэм нандин зүйл үгүй билээ.

Энэ биеийг нь төрүүлсэн энгүй их ачтан ээжийнхээ тухай магтан дуулаагүй хүн үгүй биз ээ. Нэгэн бодлын зөвхөн уран бүтээлчид зохиол бүтээлдээ төдийгүй жирийн хүний сэтгэл шингэж бүтсэн юм бүхэнд эхийгээ хайрлах сэтгэл шингэдэг мэт санагдана. Эхийнхээ мөнхийн алдрыг сийлж үлдээх гэсэн үе үеийн сая живаа үрсийн чин халуун сэтгэл л өнөөдрийн цаг хугацааг бидэнд авчирчээ.

Хэрэв эх үрсийн ариун холбоо байгаагүйсэн бол энэхэн орчпон ямархан зүйл байхсан бол доо. Төсөөлөхөд ч бэрх.. .Харин эхийн цагаан сүүгээр ариусч, бүүвэйн сайхан дуугаар л уясч байсан тулдаа хүн төрөлхтөн мянга мянган жилийн зовлон бэрхшээлийг даван туулж чаджээ.

Олон сая эхийн зүрх сэтгэлд хадгалагдсан эхийн хайр хэмээх гавъяа, олон сая үрсийн эхийг хайрлах сэтгэл дээр л орчлон ертөнц тэнхлэгээ хийж байна. Олон янзын хэлээр ярилццаг ч огт өөр өөр шашин шүтдэг ч орчлонгийн наранд харилцан адилгүй шарагддаг ч энэ дэлхийн эмэгтэйчүүд эхийн хайр хэмээх сэтгэлээр нэгдсэн эгч дүүс билээ. Тэдний бүүвэйн дуу аялан хөдөлгөдөг өлгий нь арьс нэхий, хулс, дэрс навч, хөвд гээд л юугаар ч хийсэн байлаа үрийнхээ дээр өнгийж байгаа баярлан догдлох, зовиурлан шаналах сэтгэл ижил юм. Тэдний зүрх дэлхий дахинаараа нэгэн хэлээр ярилцдаг билээ. Эх хүн хэн ч байлаа гэсэн хаа ч байлаа гэсэн ямар ч цус зүрхээр нь лугшиж байлаа гэсэн энхрийлэн хайрлах сэтгэлд нь хил хязгаар хэзээ ч байдаггүй.

Харин ч эхийнхээ зөөлөн гар, бүүвэйн дууны тухай дурсан бодцстүй хүн бол азгүй хүн. Хүнийг ээждэ  яаж хандаж байгаагаар нь түүний зүрх сэтгэлийг хэмжиж болно. Хэдийгээр хүний чанар чансааг гутаах эмэгтэйчүүд хорвоод байдаг ч энэ ертөнцөд муу эх гэж байдаггүй. Хэрэв эх хүний зүрхнээс гардаг гэрэлт туяа шиг тийм их сайн үйлсийн туяаг нийлүүлбэл орчин тойрны юм бүхнийг гэрэлт наран мэт цацран гийгүүлж алив муу бүхэн бөхөж мөхөх учиртай билээ.

Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Василий Сухомлинский "Хүүдээ бичсэн захидал"-даа "Үр хүүхдийн төлөө, түүний хувь заяаны төлөө эх хүн л сэтгэл түгшиж, зовж санааширч байдгийг ойлгох хэрэгтэй. Үр хүүхэд нь сайн сайхан явах нь эх хүний аз жаргал, өөдгүй муухай явах нь зовлон гаслан байдаг. Ямар ч эмэгтэй байлаа гэсэн өнөөдрийн эх, ирээдүйн эх гэдгийг санаж явах хэрэгтэй. Эх хүн болно гэдэг эмэгтэйчүүдийг зоригтой, гоо сайхан болгодог юм. Тэр цагаас л эхлэн ' эмэгтэйчүүд сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй, өргөн цар хүрээтэй, ул суурьтай бодож сэтгэдэг болгодог. Ертөнцөд хамгийн гоо сайхан зүйл гэвэл эх хүний элэгсэг энхрийлэл юм. Хэрвээ эх байхын дур булаам сайн сайхныг бүх хэмжээгээр нь гүн гүнзгий ойлгож чадвал өөрийн санаа сэтгэл, ажил үйлсээрээ зуу дахин ариун тунгалаг болно. Эхчүүд, эмэгтэйчүүдэд бүх хүн, эр нөхөр нь хүртэл үр хүүхэд шиг нь санагддаг. Энэ бол эмэгтэйчүүдийн элэгсэг нандин чанар, хүн бүрийн дотоод ертөнц, түүний баяр, гунитйг мэдэрч байгаагийн жинхэнэ илэрхийлэл юм" гэж бичээд ийм шинж чанар охидод дамжин өвлөгдөж, эх болох хүртлээ хадгалагдаж байдгийг тэмдэглээд тэдний эрүүл мэнд, гоо сайхан амьдралыг хамгаалах хэрэгтэй гэж захижээ.

Манай ардын домогт эх үрсийн холбоог ариун цагаан, сүүний шижимтэй тул эх хүний гомдол хэзээ ч үрдээ тусдаггүй хэмээн өгүүлдэг. Учир нь эх хүний гомдлын замыг түүний үрээ тэжээсэн ангир цагаан уураг нь ариусгаж байдаг гэнэ. Мөн манай зүйр цэцэн үгэнд "Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд" гэж үг бий. Үүний цаад утга нь үр нь эхдээ яаж хандах нь түүний ухааны хэрэг, харин эх хүн цаг ямагт зөвхөн үрийнхээ төлөө санаа зовдог юм шүү гэсэн үг юм.

Эхийнхээ ачийг хариулахсан гэсэн үрийн тэмүүлэлт сэтгэл эх үрсийн элбэрлийн бас нэгэн нандин шижим юм. Хэдийгээр хүний эх ач санадаггүй ч үр хүүхдүүд нь ямагт ачийг нь хариулахсан хэмээн мэрийдэг. Асарч тэтгэсэн ээжийнхээ ачийг нэгмөсөн хариулж, амттаныг идүүлж, өнгөтнийг өмсгөж, алтан аяганаас уулгахын дайтай андуурч эндүүрч явснаа яруу найрагч О.Дашбалбар дурссан байдаг.

Үнэндээ эх хүнд үр хүүхэд нь эрүүл энх өсч, эрдэм боловсролтой хүмүүжиж, ажил хөдөлмөртөө амжилт гаргаж л байвал ая буяныг нь хариулж байна хэмээн баярладаг. Өсөх насанд сургамж, өтлөх насанд халамж гэж үг бий. Өндөр настай ээжийгээ өргөж тэтгэж, үргэлж ойр дотно байхыг эрхэмлэвэл ээжийнхээ ачийг бага ч атугай хариулж байна хэмээн өөрөө өөртөө баярлах нь зүй.

Буян хишгийн арвин их даллага болсон ээжийнхээ ариун гарыг дулаацуулж халуун сургаалийг нь сонсох шиг аз жаргал гэж юусан билээ.

Эх үрсийн элгэн халуун сэтгэл дээр энэ орчлон тогтдог болохоор ээжийгээ хайрладаг хүн л эх орноо хайрладаг учраас эхийнхээ ачийг санадаг хүн л эгнэгт сайн явах ерөөлтэй тул мөнхийн ариун билгэдэл нь эх үрсийн элбэрэл билээ.,

Номын хавтас

ЭХ ХҮН БОЛНО ГЭДЭГ...
Зургийн эх сурвалж: Гончиглувсан Энхбаатар
Эх сурвалж: "Зөрж өнгөрөөгүй" номоос
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ЭХ ХҮН БОЛНО ГЭДЭГ...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох