МЭДЭЭ НЭМЭХ  

Ичгүүргүй, хэрүүлч, архичин, бисексуал эмэгтэй

  • 21,701 уншсан
  • 4
  • 2015/04/21

Мансууран донтогч, коммунист, авьяаслаг зураач, Мексикийн бахархал болсон энэ хачирхалтай эмэгтэй бол Фрида Кало юм. Өнөөдөр түүний зурагнуудыг дэлхийн шилдэг музейнуудад л харж болох бөгөөд хэдэн сая доллараар үнэлэгддэг байна.

Фрида 18 настайдаа аймшигт осолд оржээ. Түүний сууж явсан автобус трамвайтай мөргөлдсөн гэдэг. Ингээд цэл залуу бүсгүй нуруу, аарцаг ясандаа тус бүр 3, баруун хөлөндөө 11, эгэм хавиргандаа тус бүр 1 хугаралт авч, тасарч няцарсан өлмийтэй хоцорчээ. Үүнээс гадна гэдэс, умайг нь нэвт сүлбэсэн төмөр бариул дээр унаж таарсан гэдэг.

Сайн эмч нарын хүчээр жил гаруй эмчлүүлж хөл дээрээ боссон боловч насан туршид нь шаналгасан өвчний үүр болон хоцорсон байна. Тэсэж тэсвэрлэхэд бэрх өвчин шаналал нь түүний гайхалтай зургуудад нэвт шингэсэн байдаг. Эдгээр зургууд нь нэг талаар түүний намтрын хураангуй юм.

Фридагийн “Би төрж байна” хэмээх зураг

Тахир дутуугийн тэрэг, шохойдсон мөч бол түүний байнгын дагуул, 32 удаагийн мэс засал, эмнэлэгт өнгөрүүлсэн хоног, сарууд бол түүний түүх намтар.


Хэвтэж байгаад зурж болох тусгай төхөөрөмж

Гэвч амьдрах хүслэн нь дэндүү их байлаа. Дугуйтайгаа вальс эргэж үзэж, шохойн боолтон дээрээ эрвээхий зурж байжээ.

«Өөрт байгаа сайн сайхан бүхнээ тавиад туучихгүйн тулд би үхлийг даажигнах болсон...»

1944 оноос эхлэн 1954 онд нас барах хүртлээ Фрида өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Энэ дэвтэр 40 жилийн турш Мексикийн засгийн газрын нууц архивт дарагдаж байгаад эцсийн эцэст нийтлэгдэж, эгшин зуурын дотор бестселлер болох заяатай байжээ.

Хүүхэд нас, өвчин, мөн хань нөхөртөө өгсөн шаналгаант хайрынхаа тухай бичиж, усан будгаар зурж, наадаг зургаар чимэглэсэн 170 хуудас байна.

«Миний амьдралд 2 осол тохиолдсон юм: нэг нь автобус мөргөлдөх үед болсон, нөгөө нь Диего» гэж Фрида бичсэн байжээ. 

«Диего-эхлэл, Диего-миний үр, Диего-миний найз,

Диего-зураач, Диего-миний эцэг, Диего-миний хайрт,

Диего-миний нөхөр, Диего-миний ээж, Диего-би өөрөө, Диего-бүх ертөнц»

Мексикийн алдарт мачогийн (дур булаам, секси эр) хайрыг татах гэж Фрида олон сар оролджээ.

Диего Ривера түүнээс 20 насаар ах, бүдүүн, сүрлэг, хүүхнүүдийн эрлэг болсон нэгэн байлаа. Түүнтэй  учирч явсан хүүхнүүдийг тоолох аргагүй олон. Хэдий тийм ч Фрида түүнтэй сууж, хүү төрүүлж өгнө хэмээн өөртөө андгайлсан гэдэг. 

Хэсэг хугацааны дараа эхний зорилго нь бүтэж, нийлж ургасан хөмсөгтэй, доголон боловч халуухан бүсгүй алдарт зураачийн зүрх сэтгэлийг эзэмдэж орхих нь тэр. 

Харин хүүхэдтэй болох хүсэл нь мөрөөдөл хэвээрээ үлджээ. Нөгөө аймшигт ослын харгайгаар 3 ч удаа зулбаж, сэтгэлийн асар их хямралд автах болов. Дээрээс нь Диего байнга араар нь тавих тул бүр ч хэцүү байлаа.

«Би уй гашуугаа живүүлж хаях гэсэн чинь энэ муухай юм нь сэлж чаддаг юм байна...»

Ривера өөрийгөө хэн нэгний зүрхийг атгасан бүдүүн бахаар дүрслэн зурах дуртай байжээ. «Би эмэгтэй хүнийг хэдийчинээ их хайрлана, төдийчинээ зовоож шаналгах дуртай...» гэж тэрээр ярьдаг байв. Эцсийн эцэст Ривера Фридагийн бага дүү Кристинаг уруу татсан нь бүх зүйлд цэг тавьж, тэд салжээ.

Гэвч жилийн дараа дахин гэрлэв. Фрида Диегогүйгээр амьдарч чадахгүй болсон байлаа. 

Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тэр өөрөө ч үлгэр жишээ эхнэр байгаагүй юм. Фрида архи ууж, тамхи татаж, элдэв хараал тавихдаа нэн сурмаг байснаас гадна бусадтай явалдаж, лесби харьцаатай ч байжээ. 

Фрида Зөвлөлтийн цуутай хувьсгалч Лев Троцкийтой учир ургуулж байсан гэдэг. 1960-аад оны үед коммунист Диегогийн бүтээл СССР-т ихээхэн алдартай байв. Харин Фридаг хэн ч мэддэггүй байлаа. 


Фридагийн гипсэн боолтон дээрээ зурсан “Алх, хадуур”

Сталины мөрдлөг хавчлагаас зугтаж Мексикт очсон Троцкий Риверагийн гэр бүлтэй найз нөхдийн харьцаатай байсан ч удалгүй Фридад ухаан алдан тэмүүлэх болжээ.


Фрида Кало, Лев Троцкий, 1939 он

«Чи миний залуу насыг эргүүлэн авчирч, ухаан санааг минь самууруулах болов. Чиний дэргэд байхдаа би 17-той хүү шиг л болдог» гэж Троцкий Фридад бичиж байжээ. 

Ривера гэнэт аймшигтайгаар хардаж эхлэв. Хэрвээ аз таараагүй бол Троцкий Диегогийн хүнд гарт өртөж үхэх байсан гэж ярьцгаадаг. 

Өвчин нь даамжирч эхлэв. Уран бүтээлийнхээ анхны үзэсгэлэн дээр Фрида түргэний машинаар ирж, түүнийг дамнуурган дээр хэвтүүлэн танхим руу оруулж байжээ. Энэ үедээ ч тэр инээмсэглэсэн хэвээр, үсэнд нь цэцэг хатгаастай, аманд нь янжуур зуулттай...

Энэ зургийг тэр үхэхээсээ 8 өдрийн өмнө зурсан юм. Viva la vida – «Амьдрал мандтугай!».

Хөлөө тайруулсны дараа хэвтэрт байхдаа шийгуа зурж дээр нь «Би төгсгөлөө баяртайгаар хүлээж байна. Хэзээ ч эргэн ирэхгүй гэж найдна. Фрида» хэмээн бичжээ.


Тэрээр 1954-07-13-нд амьсгал хураасан байна.

Фридагийн өдрийн тэмдэглэлд үлдсэн, хүн бүрийн санаж явбал зохих нэг үг бий:

«Найдвар тасрах болоогүй, толгой өөдөө бай! »

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ичгүүргүй, хэрүүлч, архичин, бисексуал эмэгтэй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • sonjigch 2015/07/09
    hatuu changa huneer tusuulugdjiin

    0 0 Хариу бичих
  • Gantulga Lkhagvadorj 2015/04/21
    Киног нь мэдэх юм байна

    4 1 Хариу бичих
  • Tuya Tuyakaa Dorjsuren 2015/04/21
    Энэ хүний тухай нэг кино байдаг ямар нэртэй билээ

    2 1 Хариу бичих
    • Khurlee Erdene 2015/04/21
      Salma Hayek iin gol durd n togloson. Frida


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох