МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтны ертөнцийн 10 удаагийн их сүйрэл

  • 10,313 уншсан
  • 3
  • 2015/04/22

Амьдрал бол амьд явахын төлөөх тэмцэл. Тэр дундаа амьтны ертөнц байнгын эрсдэл дунд байдаг. Орчин нөхцөлдөө дасан зохицож чадахгүй бол өлсөж, үржин олширч чадахгүй болж улмаар мөхөхөд хүрнэ. Олон тооны амьтад үр удмаа үлдээж чадалгүй үхэж үрэгдэн дэлхий дээр байхгүй болох үзэгдлийг “бөөнөөр устах” гэж нэрлэдэг. Дэлхийн түүхэнд тохиолдсон 10 удаагийн их сүйрлийн талаар товч танилцуулъя.

Эдиакарийн үеийн сүйрэл

Эдиакарийн үед л Дэлхий дээрх амьдрал хэлбэр дүрсээ олж эхэлсэн гэж үздэг. Өчүүхэн жижиг бактерууд илүү нарийн бүтэцтэй эукариот болон хувирчээ. Эдгээр амьтдын ихэнх нь араг ясгүй байснаас ул мөр үлдэж хоцроогүй юм. Энэ үеийн хачирхалтай сонин амьтдын тухай өгүүлэх одоогийн өт хорхой, хөвөн биет, медузийг санагдуулам чулуужсан үлдэгдэл их хэмжээгээр олддог. Эдгээр амьтад одоогийнхтой адил хүчилтөрөгчөөс хамаардаг байсан нь мөхлийн гол шалтгаан болжээ. 542 сая жилийн өмнө хүчилтөрөгчийн түвшин огцом унаснаас амьд биетүүдийн 50% нь устжээ. Чухам энэ сүйрлийн улмаас Кембрийн тэсрэлт буюу илүү нарийн бүтэцтэй организм гэнэт үүсч хөгжих эхлэл тавигдсан байна.


Кэмбрий-ордовикийн үеийн сүйрэл

Кэмбрийн галвын үед амьдрал цэцэглэж байв. Хавч хэлбэртэн болон трилобит зонхилж, далай тэнгисийн усанд аварга том үе хөлтөн, нялцгай биетэн амьдарч байжээ. Гэтэл 488 орчим сая жилийн өмнө амьтдын 40% нь устан үгүй болжээ. Шалтгаан нь тодорхойгүй ч, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн таамагладаг.


Ордовик-силурын үеийн сүйрэл

Энэ үед ихэнх олон эст амьтад усанд амьдарч байв. Далайн сээр нуруугүйтний бараг 60% нь мөхжээ. Ялангуяа шүр, өргөст арьстан, 2 хавхлагт нялцгай биетэн, мөр хөлтөн зэрэг төрлийн амьтад их хэмжээгээр устав. Шалтгаан нь эртний Гондван тив Өмнөд туйл руу шилжин хөдөлсөн явдал гэж үздэг. Үүнээс болж их хэмжээгээр хүйтэрч, мөстлөгийн улмаас далайн усны түвшин доошилсон байна. Бас Дэлхийгээс 6 мянган гэрлийн жилийн зайтай орших нэн шинэ одны гамма цацрагийн идэвхжил сүйрэл дагуулсан байж магад гэх онол ч бий.


Лаугийн сүйрэл

Ордовикийн дараа силурын галав эхэлсэн юм.  Түрүү үеийн сүйрлийн дараа амьдрал аажмаар сэргэж байлаа. Анхны эрүүт амьтад болох загас, аварга загас хөгжиж эхлэв. Эрэг хавиар хөвд, өвслөг ургамал бий болж, зарим үе хөлтөн аалз, жаран хөлт болон хувьсаж, хуурай газарт дасан зохицжээ. Гэтэл 420 орчим сая жилийн өмнө цаг уур эрс өөрчлөгдөж амьтдын төрөл зүйлийн 30% мөхсөн байна. Агаарт хорт хий хуримтлагдаж эхлэв. Үүний шалтгаан тодорхойгүй. Төрөл бүрийн  организмууд амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байлаа.


Хожуу Девоны үеийн сүйрэл

Девоны галвын үед амьтан ургамал бөөнөөр устах томоохон үзэгдэл болсон юм. Энэ үед хуурай газар төрөл бүрийн ургамлаар бүрхэгдэж, олон тооны шавж, хоёр нутагтан хөлхөж, далай тэнгис загасаар дүүрэн байлаа. Асар том шүрэн хаднууд бий болсон байв. Энэ удаагийн сүйрэл усны амьдралыг голчлон үгүй хийжээ. Шүрэн арлыг үүсгэгч организмууд бүрмөсөн устаж, хожим Мезозейн эринд л орчин үеийн шүр үүссэн юм. Мөр хөлтөн, трилобит болон бусад төрлийн амьтад ч сүйрэлд ихээр өртсөн байна. Шалтгаан нь мөн л тодорхойгүй. Далайн түвшин доошилж, усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багассан нь гол шалтгаан гэх таамаглал байдаг.


Чулуун нүүрсний (Карбон) үеийн сүйрэл

Девоны галвын дараа Чулуун нүүрсний үе ирсэн юм. Хуурай газрын амьтад далайн эргээс холдож эх газрын гүнд амьдарч өндөг төрүүлэх болов. Нисдэг шавж бий болж, аварга загаснууд алтан үедээ байлаа. Өндөр, том модод ургах болж, удалгүй халуун орны ой их хэмжээний газар нутгийг эзлэх болов. Ингэснээр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 35%-иар нэмэгджээ. 305 сая жилийн өмнө болсон түр зуурын мөстлөгийн үе нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг багасгажээ. Асар их ой мод сөнөж, түүнтэй хамт олон төрлийн амьтад ч устав. Амьтдын төрөл зүйлийн 10% нь энэ үед үгүй болжээ.


Пермийн үеийн сүйрэл

Энэ бол дэлхийн шим мандлын хамгийн том сүйрлүүдийн нэг. 252 сая жилийн өмнө далай тэнгисийн амьтдын 96%, хуурай газрын нугалмайтны 70% нь устжээ. Мөн шавж бөөнөөр устсан цор ганц тохиолдол болсон байна. Шавжны ангийн бүх төрлийн 57%, зүйлийн 83% нь бүрмөсөн устсан юм. Энэ сүйрлийн уршгаар эртний мөлхөгчид (орчин үеийн яст мэлхийн өвгөөс бусад нь), олон төрлийн загас, үе хөлтөн (алдарт трилобит зэрэг), бичил биетүүд үгүй болжээ.


Триасийн үеийн сүйрэл

200 сая жилийн өмнө болсон энэ сүйрлийн улмаас хуурай газрын болон далай тэнгисийн амьдралд томхон өөрчлөлт оржээ. Энэ үед дэлхий дээр амьдарч байсан төрөл зүйлүүдийн тал хувь нь устсан байна. Энэ үйл явдал нь үлэг гүрвэлүүд давамгайлах экологийн орон зайг бэлдэж өгчээ.


Хожуу Юрийн үеийн сүйрэл

Юрийн галвын үед алдарт плезиозавр мэтийн аваргууд далайг эзэгнэж, агаарт терозаврууд, газар дээр динозаврууд ноёрхож байлаа. Арай жижиг үлэг гүрвэлүүд өд сөдтэй болж аажмаар шувууд үүсчээ. 199,6 сая жилийн өмнө бүх амьтдын 20% нь гэнэт устаж үгүй болов. 
Ялангуяа далайн амьдрал их хэмжээгээр сүйрчээ. Амьд үлдсэн багавтар хэсэг нь дараагийн хэдэн сая жилийн дотор дахин тэнгис далайг дүүргэж чаджээ. Харин хуурай газрын амьтад бага өртсөн ч  үлэг гүрвэлийн хэдэн төрөл устсан байна.


Цэрд-палеогений үеийн сүйрэл

65 сая жилийн өмнө болсон энэ сүйрлээр үлэг гүрвэлүүд бүрмөсөн устсан байна. Тэдэнтэй цуг далайн хэвлээр явагчид болох мозазавр, плезиозавр, нисдэг гүрвэлүүд, аммонит, белемнит зэрэг  олон нялцгай биетэн, зарим төрлийн замаг сөнөжээ. Далайн амьтны төрлийн 16%, зүйлийн 47%, хуурай газрын нугалмайтны 18% нь мөхөж үгүй болсон байна. Гэхдээ л амьтан ургамлын олон төрөл зүйл энэ сүйрлийг даван гарч чаджээ. Жишээ нь, могой, яст мэлхий, гүрвэл зэрэг хуурай газрын, усны матар зэрэг мөлхөгчид амьд үлдэж чадсан байна. Мөн аммонитын ойрын садан болох наутилус, шувууд, сүүгээр бойжигчид, шүр, газрын ургамлууд эсэн мэнд үлдсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтны ертөнцийн 10 удаагийн их сүйрэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • ain 2015/10/20
    There were only 5 mass extinction according to the science...

    0 0 Хариу бичих
  • xvnii moxliin ve 2015/05/27
    za tegeel odoo xvmvvnii svirel irne dee

    1 0 Хариу бичих
  • Монгол 2015/05/27
    Тийм их сүйрлийг даван туулсан амьтад одоо үед хүнтэй цуг дахиад сүйрэлрүү алхаж байнадаа зайлуул.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох