МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн үүслийн тухай ард түмнүүдийн домог

  • 7,243 уншсан
  • 2
  • 2015/04/23

Ихэнх улс үндэстний үлгэр домогт ижил төстэй нэг зүйл байдаг нь: эхлээд эмх цэгцгүй хоосноос  эцэг, эх бурхад ялгаран гарсан, дараа нь хязгааргүй, цаг хугацаагүй далай тэнгисээс хуурай газар үүсэн бий болсон гэж өгүүлдэг. Дэлхий даяар хамгийн их нөлөө үзүүлсэн, хамгийн сонирхолтой зарим домгийг та бүхэнд толилуулъя.


Шумерийн домог: 

Эхлээд цэнгэг усны Апсу, давст усны Тиамат гэсэн 2 бурхан л байжээ. Эдгээр нь хоорондоо хэзээ ч нийлдэггүй тус тусдаа оршдог байв. Гэтэл нэгэн тохиолдлоор холилдож тэдний хүүхдүүд болох их бурхад, дараа нь бага бурхад болох ач зээ нар төржээ. Ертөнц дэндүү замбараагүй, зай багатай байсан тул тэд эцэг Апсудаа байнга гомдол мэдүүлдэг байв. Харгис хэрцгий Апсу энэ бүхнээс залхаж үр хүүхэд, ач зээ нараа бүгдийг устгахаар шийджээ. Гэтэл тэр өөрийн хүү Энкиг ялж чадсангүй. Энки эцгээ хөнөөж 4 хэсэг цавчин хуваасан нь хуурай газар, тэнгис далай, гол мөрөн, гал болон хувирчээ. Тиамат нөхрийнхөө өшөөг авах гэсэн боловч салхи шуургыг бүтээсэн бага бурхан Мардукт дийлдсэн гэнэ. Хожим нь Мардук Ертөнцийн хувь заяа, хөдөлгөөнийг тодорхойлогч “Ме” түлхүүрийг атгах болжээ.


Грек домог:

Эхлээд эмх замбараагүй хоосон байлаа. Үүнээс Гея-газар эх төрөх үед түүний хэвлийд Тартарын гүн ангал бий болсон байв. Эндээс бас Нюкта (шөнө), Эреб (Харанхуй) төржээ. Шөнө нь Танат (Үхэл), Гипнос (Нойр), Эфир (Өдөр) болон Мойры гэгч хувь заяаны бурхдыг төрүүлжээ. Шөнө бас хэрүүл тэмцлийн бурхан Эридаг төрүүлсэн гэдэг. Эрида нь Өлсгөлөн, Уй гашуу, Аллага, Худал хуурмаг, Хүнд хүчир ажил, Атаа жөтөө зэрэг бусад тааламжгүй зүйлсийг бий болгожээ.

Гея-газар эх Ураныг (Тэнгэр) төрүүлж, дараа нь түүний хэвлийнээс Уулс сүндэрлэн босч, дундуур нь Понт (Тэнгис) цалгилах болов. 
Гея, Уран хоёрын холбооноос Океан, Тефия, Япет, Гиперион, Тейя, Крий, Кей, Феба, Фемида, Мнемозин, Кронос, Рея зэрэг титанууд төржээ. Кронос эхийнхээ тусламжтайгаар эцгээ зайлуулж, эгч Реятайгаа гэрлэв. Энэ холбооноос шинэ үе болох бурхад үүссэн гэдэг. Кронос эрх мэдлээ хүүхдүүддээ алдахаас айж төрмөгц нь залгидаг байжээ. Рея нэг хүүгээ Крит арлын агуйд нуун аварч чадсан нь Зевс юм. Өсч том болоод Зевс эцэг Кроноо ялж, Аид, Посейдон, Гера, Деметра, Гестия гэх залгиулсан ах эгч нараа аварч гаргасан байна. Ингэж титануудын үе дуусч, Олимпийн бурхдын эрин эхэлжээ.


Египетийн домог:

Эхлээд тэнгэр, газар ч байсангүй, зөвхөн хязгааргүй далай л байв. Анхдагч бөгөөд бүтээгч нь Атум юм. Атум анх дов хэлбэртэйгээр далайгаас тасран гарч иржээ. (Пирамидийн хэлбэр энэ домогтой холбоотой байж магад гэж зарим эрдэмтэд үздэг). Дараа нь Атум асар их хүч гарган уснаас хөндийрч агаарт тогтоод шившлэг хийсэнд далайн усан дээр 2 дахь дов буюу Бен-Бен үүсчээ. Атум түүн дээр суугаад Ертөнцийг бүтээхээр шийдэв. Тэрээр өөрийнхөө үрийг залгиж түүнээс нь хүүхдүүд: агаарын бурхан Шу, чийгний бурхан дагина Тефнут нар төрөв. Энэ хос Геб, Нут хоёрын эцэг эх болж, тэд нь Осирис ба Исида, Сет ба Нефтида гэсэн ихрүүдийг төрүүлжээ. Анхны хүмүүс Атумын нулимснаас бий болсон гэнэ.


Зороастрийн домог:

Ертөнц 12 мянган жилийн дотор үүсчээ. Энэ нь дотроо тус бүр 3 мянган жил үргэлжилсэн 4 үе шаттай гэнэ.

  • 1-р үе нь юмс үүсэхийн өмнөх үе буюу хий хоосны үе. Хожим нь дэлхий дээр бий болсон бүхний анхдагч хэлбэр энэ үед бий болсон гэнэ. Энэ үеийг Менок («Үл үзэгдэгч», «Оюун санааны») гэж нэрлэнэ.
  • 2-р үе нь материаллаг бүхний үүслийн үе. Дээд бурхан Ахур-Мазда тэнгэр, од, Нар, Сар, анхны хүн, анхны бухыг бүтээжээ. Нарны цаахна Ахур-Маздын өөрийн нь гэр байдаг гэнэ. Энэ үед Ахриман бурхан бас үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Тэр тэнгэрийн чанадад очиж гараг эрхэс, сүүлт оддыг бүтээжээ. Ахриман усыг бохиртуулж, анхны хүн Гайомарт болон буханд үхэл илгээжээ. Гэвч анхны хүнээс эр эм хүмүүс бий болж, анхны бухаас бусад бүх амьтад үүссэн гэнэ. 2 бурхдын тэмцлээс болж Ертөнц хөдөлгөөнд орж, ус урсдаг болж, уулс үүсч, тэнгэрийн эрхэс эргэлддэг болжээ. «Аюултай» гарагуудыг хянаж байхын тулд Ахур-Мазда гараг болгонд өөрийн сүнсийг үлдээжээ. 
  • 3-р үе бол зөнч Зороастра төрөхийн өмнөх үе гэнэ. Энэ үед Алтан үеийн хаан, гэрэлт Йим төрж хүн төрөлхтөн ба амьтдыг усан галваас аварчээ. 
  • 4-р үед мянган жил тутамд хүн төрөлхтний түүхэнд Зороастрын хүүхдүүд болох 3 аврагч төрөх аж. Тэдний сүүлийнх нь болох аврагч Саошьянт хүмүүн болон Ертөнцийн хувь заяаг шийдэх гэнэ. Тэрээр үхэгсдийг амилуулж, муу муухайг устгаж, Ахриманыг ялах аж. Үүний дараа Ертөнцийг «хайлмал металлан үерээр» цэвэрлэж, энэ гамшгаас үлдсэн болгон мөнхийн хутгийг олох ёстой гэнэ.

Славяны домог:

Эхлээд Ертөнц хав харанхуй зүйл байж, гэвч тэнд бүхний эхлэл Род өндөг дотор үүсчээ. Тэрээр Ладаг (Любовь-Хайр) төрүүлж чадсан тул өндөгний хальсыг хагалан гарч иржээ. Ингээд Ертөнцийг хайраар дүүргэж эхлэв. Род тэнгэрийн орныг бүтээж, түүний уснаас далайг бий болгожээ. Дараа нь Гэрэл ба Харанхуйг ялгаж, Газар дэлхийг бүтээв. Родын нүүрнээс Нар цацарч, энгэрээс нь Сар гарч, мэлмийнээс нь Одод бий болжээ. Родын амьсгалаас салхи үүсч, нулимс нь цас бороо, мөндөр болов. Аянга цахилгаан бол түүний дуу хоолой. Дараа нь Род Сварогийг бүтээж асар их хүч чадал бэлэглэжээ. Сварог өдөр шөнө солигддог болгож, Газрын амьдралыг бий болгосон гэдэг байна.


Скандинавын домог:

Ертөнц үүсэхээс өмнө Гинунгагап гэгч хоосон оршиж байв. Хойд зүгт хөлдүү харанхуй Нифльхейм, өмнө зүгт нь галт Муспелльхеймийн орон байжээ. Аажмаар Нифльхейм хорт хяруугаар дүүрч Имир нэр аварга амьтан болон хувирчээ. Энэ нь бүх аваргуудын өвөг дээдэс гэнэ. Имирийг унтаж байхад дуссан хөлснөөс нь анхны эр эм хүмүүс үүсчээ. Мөн энэ хөлснөөс Аудумла үнээ, Бури гэх хоёрдахь эр хүн бий болжээ. Буригийн хүү Боре Бор аварга эмэгтэйтэй гэрлэж Один, Вили, Ве гэх 3 хүүтэй болов. Энэ 3 хүү Имирийг алж цогцсоор нь ертөнцийг бүтээсэн гэдэг. Түүний мах яс нь газар, цус нь далай тэнгис, гавал яс нь тэнгэр болжээ. Тархийг нь тэнгэрээр тараан цацсанаас үүлс үүсчээ. Имирийн сормуус тэднийг хүний ертөнцөөс тусгаарлах болов. Бурхад өөрсдөө Асгард гэж нэрлэгдэх цайзад амьдрах болжээ.


Хятад домог:

Ертөнц үүсэхээс өмнө асар том өндөг байв. Түүний дотор Паньгу хэмээх анхдагч хөврөл үүсч 18 мянган жил унтжээ. Гэнэт сэрсэн Паньгу өндөгний хальсыг хагалан гадагш гарчээ. Ян хэмээх гэгээлэг сүнс тэнгэр, харанхуй Инь газар болсон байж. Паньгу тэр хоёрыг нийлүүлэхгүйн тулд хөлөөрөө газар жийж толгойгоороо тэнгэрийг тулан зогсчээ. Түүнийг амьсгал авах бүрд салхи дэгдэж, амьсгал гаргахад нь аянга цахилгаан ниргэж, нүдээ нээхэд нь өдөр болж, нүдээ анихад нь харанхуй болдог гэнэ. Паньгу өдөр бүр 3 метр өсдөг байснаас тэнгэр маш өндөрт гарч, газар зузаарчээ. Түүний биеэр мөлхөх шавжнаас хүмүүн үүсчээ. Ингэж Паньгу 18 мянган жил зогсоод үхсэн гэнэ. Дараа нь түүний дуу хоолой нь аянга, амьсгал нь салхи, баруун нүд нь сар, зүүн нүд нь нар, цус нь гол мөрөн, мах нь хөрс болон хувирч их бие нь ертөнцийн 4 зүг болсон гэдэг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн үүслийн тухай ард түмнүүдийн домог
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Anu duurenbayar 2 өдөр
    mash ih taalagdlaa bas daalgawar hiihed tuslasand bayarlalaa

    1 0 Хариу бичих
  • erxeme 2015/05/01
    Баярлалаа

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох