Монголын төрд ТЭД хэрэгтэй

Сонгуульд хэн дуртай нь нэр дэвшдэг байдал нэгэнт тогтжээ. Сонгох, сонгогдох эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хүн бүрт нээлттэй тул буруутгах аргагүй.  Гэхдээ бид сонгох эрхийнхээ дагуу таалагдахгүй байгаа популистуудаа сонгохгүй байж бас болно. Тиймээс бухимдаж, шүүмжлэхээс илүүтэй яг энэ цаг үед нэр дэвшигчид дунд гялтайж буй мэдлэг, боловсролтой, ард иргэдийг төрд төлөөлж, бодлого боловсруулж чадах хүмүүсийг ялгаж таницгаах нь чухал байна.

Эрх баригч хоёр намд болон бие даагчдын дунд сонгогдоосой, ялалт байгуулаасай гэж хүсэх хэд хэдэн горилогчид байна.

Тухайлбал, МАН-аас Хас банкны захирал асан буюу Шарк Г.Амартүвшин, Стратеги академийн захирал, Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг, ХӨСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, бие даагчдаас “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг нарыг нэрлэж болно. Салбар, салбартаа танигдаж, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролтой, хэн нэгний халаасанд багтаагүй, хийсэн бүтээснээ олонд үнэлүүлсэн эдгээр эрхмүүдийн нэрс дурайж байгаа нь сайшаалтай.

Эрх баригч хоёр намд болон бие даагчдын дунд сонгогдоосой, ялалт байгуулаасай гэж хүсэх хэд хэдэн горилогчид байна.

Угаас энэ удаагийн сонгууль шинэ залуу, мэдлэг боловсролтой, нэр цэвэр боловсон хүчнүүд, ялангуяа эмэгтэй лидерүүдийн дунд өрсөлдөөн ихтэй явагдаж мэднэ. Учир юу гэвэл, иргэд, сонгогчид олон жил сандал, суудлын “бөглөөс” хийж, сонгууль дөхөхөөр л гэнэт хайр зарлаж эхэлдэг увайгүй улс төрчдөөс залхсан тул ямар нэгэн бизнес, улс төрийн будлианд холбогдоогүй, нэр цэвэр, бодлого ярьдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигчдийг хүлээж буй.

Тэгвэл улс төр судлаач, доктор-Ph.D, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн хувьд улс төрийн коммуникаци, улс төрийн намуудын бодлого, санхүүжилтийн асуудлаар ном, судалгаа бичихийн зэрэгцээ хүний эрх, боловсролын хүртээмж, нийгмийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн асуудал болон улс орны хөгжлийн асуудлаар олон жил дуу хоолойгоо хүргэж ирсэн эрдэмтэн, судлаач. Мөн Улс төрийн намын тухай хууль болон оны өмнө амжиж батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу дордуулсан долоон өөрчлөлтийг засах асуудлаар санал дүгнэлтээ оруулж, эрдэмтэн судлаачдаас хамгийн их идэвх, оролцоо, үүрэг рольтой ажилласан нэгэн.  Тиймдээ ч намдаа рейтинг өндөртэй, нэр дэвших магадлал хамгийн ихтэй улс төрчдийн тоонд зүй ёсоор бичигдэж байгаа аж. Олон нийтийн судалгаагаар ч дээгүүр жагсаж байгаа сурагтай.

Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын топ сургуулиудын нэг Охайо мужийн Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн имиж мейкингээр мэргэшсэн эрдэмтэн юм. Түүний судалгааны ажлууд ХБНГУ-ын судалгааны хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын хэвлэлд удаа дараа хэвлэгдсэн байдаг. Түүнчлэн тэрбээр Төв Ази судлалын Европын нийгэмлэг, Улс төр судлаачдын нэгдсэн холбоо, ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хороо, ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл, Улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл болон Монголын олон нийтийн харилцааны мэргэжилтний холбоо, Дэлхийн дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг тив дэлхийн хэмжээний хэмжээний статустай, олон улсад танигдсан энэ цагийн эмэгтэй лидер билээ.

Харин “Хас банк”-ны захирал асан Г.Амартүвшин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа гэх. Тэрбээр асар богино хугацаанд бизнес, эдийн засгийн шинэ дүр төрхөөр тодрон гарч ирсэн нэгэн. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр эх орондоо эргэн ирж ажиллаад үнэндээ 9 жил л болж байна.

Монголд ирэхээс өмнө Г.Амартүвшин нь  Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мэргэжлээрээ мөн удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байсан гэдэг. Түүн шиг супер эдийн засагч хямрал нүүрлэсэн Монголын төрд зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй маргахгүй хүн үгүй биз ээ. “Сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгчээ” гэсэн мэдээ гарахад нь олон нийт алга ташин хүлээж авсан юм.

Эдгээр нэр бүхий эрхмүүдийг онцолсон нь учиртай. Тэд бол дээр дурдсанчлан гишгэсэн мөр, нэр төр нь цэвэр, олны анхаарлыг татах гэж элдэв жүжигт тоглоогүй, өөрийн үйл хэрэг, үзэл хандлагаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, Монголын улс төрд шинэ салхи авчрах улс төрч гэгдэж буй.