МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтан, ургамал үхлийг мэдэрдэг үү?

  • 4,757 уншсан
  • 3
  • 2015/04/27

Амьтны хүрээлэнд байсан залуу эмэгчин шимпанзе хүнд өвчний улмаас амь тавихад ойрхон байсан тул эрэгчинг нь холдуулж өөр торонд хийжээ. Тэндээс үхэж буй эмэгчин харагдахгүй, сонсогдох ч үгүй байлаа. Гэвч удалгүй эрэгчин төмөр сараалжнаас бүх хүчээрээ зууран сэгсчиж, ер бусын дуугаар орилж хашгирч гарчээ.

«Бидний харж чадахгүй ямар нэгэн зүйл хажууд нь байгаа мэтээр эрэгчин эргэн тойрноо харан харан орилж байсан. Түүний доод уруул нь аймшигтай мурийн унжиж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бахирч байв. Цус маань царцах шиг л болсон» гэж хожим нь тус хүрээлэнгийн ажилтан Розали Абрью ярьжээ. Хэсэг хугацааны дараа өөр нэг шимпанзе үхэхэд энэ эрэгчин яг ийм авир гаргасан байна. 


Тас шувууд олон км-ийн цаанаас үхдэл байгаа газрыг алдалгүй мэдэрч олж ирдэг нь гайхалтай юм. Цөөвөр чононууд хүүрийн үнэрээр ирдэг нь тодорхой болсон. Харин тас шувууны араншин эрдэмтдийн толгойг өвтгөсөн асуудал болоод удаж буй билээ. Амь тавьж буй амьтан ямар нэгэн хүчтэй дохио цацруулдаг, эсвэл хурц хараатай шувууд алсаас олзоо харж чаддагийн аль нь бодит байдалд илүү нийцэх бол?

Өвчтэй, эсвэл шархадсан амьтныг илрүүлсний дараа сүргээрээ нисэн очоод золгүй амьтны сүүлчийн хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байдаг. Олон жилийн ажиглалт судалгааны үр дүнд эрдэмтэд зөвхөн хүчирхийлэлд өртсөн үедээ л амь тавьж буй амьтан маш хүчтэй импульс ялгаруулдгийг мэдэж авчээ.


Үхлийг мэдрэгч амьтдын жагсаалтыг ердийн гэрийн муур тэргүүлдэг. Эзнийгээ өвчилсөн үед, мөн нас барах цаг мөчид муур ер бусын хачин авир гаргадаг нь бүр дундад зууны үед илэрхий болсон. Зарим үед хамт үхэх тохиолдол ч гарчээ. 1928 онд Францад Худалдааны сайд Морис Кокановский автын ослоор өнгөрчээ. Яг энэ цаг мөчид түүний хайртай муур нь гэртээ аймшигтайгаар зовж тарчлан үхсэн байна. Нэг өдрийн өмнөөс муур ихэд тавгүйтэж, нааш цааш холхин, хоол ундаа ч идэхгүй, чангаар гиншиж байсан гэнэ. Хүүрийг задалж үзсэн малын эмч ямар нэгэн өвчний ул мөр олсонгүй, муур эв эрүүл байсан ажээ. 

АНУ-ын Провиденс хотын өндөр настны асрамжийн газар “үхэл мэдрэгч Оскар” нэрт муур амьдардаг байв. Энэ нь маш зожиг, ганцаардмал сонин амьтан байжээ. Тэр үе үе аль нэг настан руу ирж орон дээр нь унтдаг байлаа. Өрөөнд орж ирмэгц хүмүүсийг үнэрлэн байсаар хэдхэн цагийн дараа үхэх нь гарцаагүй болсон нэгний ор руу авиран гараад унтдаг байжээ. Хэрвээ өрөө рүү орж чадахгүй бол хаалга маажин гиншинэ. Сүүлдээ асрамжийн газрын ажилтнууд Оскарт итгэх болж, хэн нэгний орон дээр муур унтаж байгааг харвал бушуухан төрөл төрөгсөд рүү нь утасдаж хэл хүргэдэг болжээ. Заримдаа муур эмчийн дүгнэлтийг ч хүчингүй болгох тохиолдол гарч байв. Нэгэн удаа эмч нар амь тавьж буй өвчтөний орон дээр Оскарыг хэвтүүлэх гэжээ. Гэвч муур үсэрч буугаад хажуу талын орны өвчтөн рүү очсон гэдэг. Тэр хүн хэдхэн цагийн дараа нас барж, харин эхний хүн хэдэн өдөр амьдарчээ. Энэ муурнаас болж үйлчлүүлэгчдийн төрөл төрөгсөд гомдол гаргаж хүмүүсээ гаргаж авах вий хэмээн эмч нар болгоомжилж байсан ч, хүмүүс харин ч баярлаж байжээ. Энэ муурын ачаар тэд үхэж буй төрөл садантайгаа уулзан эцсийн мөчид дэргэд нь байж, гарыг нь атган салах ёс хийж амжиж байсан юм.

Олон эмч, эрдэмтэд энэ явдлын учрыг тайлахаар оролдсон ч санал зөрөлдсөөр байгаа юм. Зарим нь муурны ердийн зөн билиг гэж үзэж байхад, зарим нь үхэж буй хүний организмд явагддаг химийн урвалыг Оскар мэдэрдэг гэж итгэж байгаа гэнэ. Зарим нь энэ бүхэн цэвэр тохиолдол ч гэж нотолж байгаа аж. 


Ургамал ч бас үхлийг мэдэрдэг гэнэ. 1966 онд америкийн криминалист Клив Бакстер энэ талаар туршилт хийжээ. Өрөөнд байсан 5 ургамлын нэгэнд худал яриа илрүүлэгч төхөөрөмжийг холбожээ. Бакстер үе үе өрөөнд орж ирээд аль нэг ургамлын навчийг таслан хаяж байв. Судлаач 3 дахь удаагаа орж иртэл бичигч төхөөрөмж ажиллаж дохио өгч эхэлжээ. Хүн тэдэнд хор хүргэхээр орж ирлээ гэдгийг ургамал ойлгож буй мэт... Заримдаа үнэхээр цэцэг ургамал хүний бодол санааг унших чадвартай мэт санагдаж байв. Бакстерийн туршилтыг “дээд түвшин”-д нухацтай авч хэлэлцээгүй ч, эрдэмтэд маш их сонирхож өөр өөрийнхөөрөө олон төрлийн судалгаа явуулсан байдаг. 

Английн биологч Л. Уотсон лаборатортоо нэгэн маш сонирхолтой туршилт явуулсан байна. Эрдэмтэн 3 цоожтой өрөөнд тус бүр нэг филодендрон гэх тасалгааны ургамлыг байрлуулж бичигч төхөөрөмжтэй холбожээ. Харин 4 дэх өрөөнд цахилгаан зуухан дээр ус буцалгаж, дэргэд нь олон тооны сам хорхойг буцалсан ус руу шидэх тусгай төхөөрөмж байрлуулсан байна. Ургамал байрлуулсан өрөөнүүдэд нэг ч хүнгүй, түүнээс гадна сам хорхойнуудыг хэзээ усанд хийхийг хэн ч мэдэхгүй байв. Энэ туршилтыг 7 удаа давтан хийх явцад сам хорхойнуудыг буцалж буй ус руу шидэх мөч бүрд бичигч төхөөрөмжүүд идэвхжиж байжээ. Эцэст нь Уотсон аливаа амьтан амь тавих мөчдөө ялгаруулдаг дохиог ургамал хүлээн авах чадвартай гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. Түүний үзэж байгаагаар ямар ч амьд биет эмгэнэлт, гэнэтийн үхэлд өртөх үедээ маш хүчтэй импульс ялгаруулдгийг бусад организм хүлээн авах чадвартай байна. Гэхдээ аажим ирдэг ердийн үхэл ургамалд ямар нэг нөлөө үзүүлдэггүй ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтан, ургамал үхлийг мэдэрдэг үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/17
    Ерөнхийдөө худлаа, үнэн байсан ч нэг их чухал биш юм бичээд яадаг байна аа. Бүгд л үхэхээ мэдэж байгаа шд. Арай үхэхгүй гэж боддог тэнэг байгаа юм биш биз дээ? Би ч үхнэ, чи ч ялгаагүй. Тиймээс өөрийнхөө насыг сайнаар 90 гэж тооцоод амьдралаа утга учиртайхан шиг өнгөрөө, залуус аа. Үхлээс битгий ай. Харин үхсэн юм шиг амьдрахаас ай

    0 4 Хариу бичих
  • Зочин 2015/06/10
    ир сонирхолтой юм

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/10
    Urgamliin tuhain ih sonirholtoi uma

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох