Mөнгөний нийлүүлэлт 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж өсжээ

2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. 

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд "Mөнгөний нийлүүлэлт 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 (1.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд, 

валютын хадгаламж 886.3 (31.0%) тэрбум төгрөгөөр,

валютын харилцах 54.4 (2.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.6 (0.04%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 514.5 (2.9%) тэрбум төгрөгөөр буурсан. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 (50.9%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.0 (13.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 328.0 (33.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн дүнтэй гарсан. 

харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.0 (2.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80.0 (4.1%) тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурлаа" гэв.